logo
Хуанло тосгоны бүсгүйчүүд хамгийн урт үстэй

Хуанло тосгоны бүсгүйчүүд хамгийн урт үстэй

2012/08/15
Хятадын Гулин мужийн Хуанло тосгонд яо хэмээх нэгэн угсаатан аж төрдөг. Энэ угсаатан улаан өнгийн уламжлалт хувцаснаасаа болоод ийм нэр авчээ.
Хуанло тосгон дэлхийн олон орны жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Хятадын бусад тосгоноос нэг их ялгарахааргүй энэ суурин эртний уламжлалаа чанд сахидгийн нөлөөгөөр олны анхааралд ийнхүү өртжээ. Учир нь тосгоны эмэгтэйчүүдийн хувьд урт үс нь хамгийн нандин эд бол­дог аж. Хуанлогийн эмэг­тэй­чүү­дийн дундаж үс 1.7 метр бол­сон учир тосгоноороо Гин­несийн амжилтын номонд бичигд­жээ. Тэдэн дундаас 120 бүсгүй 2.1 метр урт үстэй гэнэ.
Яо угсааны бүс­гүй­чүүдийн ярьж буйгаар урт үс нь урт нас, эд баялаг, амжилт авч ирдэг аж. Тиймээс үс урт байх тусам тухайн бүсгүй аз жаргалтай амьдарна гэсэн үг.
Яогийн бүсгүйчүүд үсээ ихэд нандигнадаг. Хэдэн жилийн өмнө эндхийн эмэг­тэйчүүд нөхөр, хүүх­дээсээ бусад хүнд задгай тавьсан үсээ үзүүлэх ёсгүй байв. Зун, намрын цагт хүүхнүүд голын усанд үсээ угаахдаа цэнхэр алчуураар нуудаг байжээ. Бүсгүйчүүд зөвхөн нөхөр болох хүндээ анх үсээ харуулах ёстой. Харин гадаадын иргэн, эсвэл ямар нэгэн хүн бүсгүйн задгай үсийг харчихвал тэдний гэр бүлийнхэнтэй хамт гурван жил хүргэний ёсоор амьдрах учиртай. Энэ уламжлалыг 1987 онд халсан учраас өдгөө Яогийн бүсгүйчүүд урт хар үсээ хэн дуртайд нь үзүүлдэг болжээ.
Яо угсааны бүсгүйчүүд амьдралдаа нэг л удаа үсээ тайруулах эрхтэй. Тэд 16 нас хүрч, сүйт залуутай болох эрхтэй болохдоо л үсээ засуулдаг байна. Гэхдээ тайруулсан үсээ огт хаяж болохгүй. Охины эмээ үүгээр толгойн чимэглэл хийж өгөх ёстой гэнэ. Охиныг нөхөрт гарахад тэрхүү толгойн чимэглэлийг сүйт залууд нь бэлэглэдэг бөгөөд удалгүй тухайн эмэгтэйн өдөр тутмын үс засалтын нэг хэрэгсэл болдог аж.
Эндхийн эмэгтэйчүүдийн үс засалт гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь ургаж буй урт үс нь бол хоёр дахь нь толгойн онцгой гоёл чимэглэл. Харин гурав дахь нь унасан үсээ өдөр бүр цуглуулж, хийсэн зүүлт юм. Эдгээрийг нийлүүлж, бүсгүйн нийгмийн байдлыг илтгэсэн үс засалтыг бий болгодог байна.
Хэрвээ тухайн бүсгүй зөвхөн үсээрээ толгойгоо ороо­сон байвал нөхөртэй хэрнээ хүүхэд гаргаагүй гэсэн үг. Харин үсээ дагзан дээрээ овоолсон байвал нөхөр, хүүхэдтэйг илтгэнэ. Тэгвэл толгойгоо алчуураар ороо­сон бүсгүйчүүд нөхөрт гараа­гүй байдаг аж.

SHARSONIN.MN

Сэтгэгдэлүүд

Дээш