logo
Иргэдэд гурван тэрбум 58 сая төгрөгийн хохирол учиржээ

Иргэдэд гурван тэрбум 58 сая төгрөгийн хохирол учиржээ

2012/09/21

Энэ намрын хувьд Сэлэнгэ аймгийн зарим сумдын хүнсний ногооны талбай үерт өртөж нэлээд хэмжээний га газрын ногоо сүйдэж, цаашид ургац авах боломжгүй болсон. Энэ байдлын улмаас үерт өртсөн нийт иргэдэд гурван тэрбум 58 сая төгрөгийн хохирол учраад байна. Эдгээр иргэний хохирлыг барагдуулах арга хэмжээ авахаар улсын онцгой комисст хандаж хүсэлт хүргүүлсэн. Улсын онцгой комиссын зүгээс анхаарч үзье, нарийн судалгаа хийгээд, тооцоог нь гаргаад ирүүл гэсэн хариуг өгсөн байна. Ийнхүү аймгийн Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч сумдад ажиллалаа. Энэ ажилд аймгийн ХХААХҮГ-ын дарга Х.Даваахүү хамтран ажилласан. Үерт Хушаат, Шаамар, Сант сумын иргэд нэлээд өртсөн байна.

Ер нь энэ жилийн хувьд, хур тунадасны хэмжээ их, бороо хур элбэгтэй, усны төвшин ихсэж байгааг иргэд мэдэж байгаа боловч өөрсдийн болгоомжгүй үйл ажиллагаанаасаа болж, архидан согтуурсан үедээ гол усанд орж амь насаа алдах явдал гарсаар байна. Энэ бүхэнд аврах салбарын хүмүүс хамгаалах ажлыг цаг алдалгүй үзүүлж байгаа. Хэдийгээр Улсын ОБЕГ, аймгийн ОБГазраас сэрэмжүүлэх мэдээ мэдээлэл өгч,  ухуулга сурталчилгааны ажлыг цаг тутам хүргүүлсээр байтал түүнийг эс тоон голын усанд очиж сэрүүцэх, сэлгүүцэх маягаар сүүлийн долоон хоногт гурван хүн усанд энджээ. Тухайлбал, Ерөө сумын Ерөө голд 61 настай эрэгтэй согтуугаар ус авах гэж яваад усанд осолдсон. Өнөөг хүртэл аврах салбарын бүрэлдэхүүн, Улаанбаатар хотоос эрэн хайх тусгай салбарын эрэлийн анги ирээд хамтран ажиллаж байгаа аж. Мөн ЭМГ-т засварын ажил хийж байсан Завхан аймгийн харъяат 25 настай залуу Орхон голд сэрүүцэх маягаар осолдсоныг олж цагдаагийн газарт цогцосыг нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Шаамар сумын гурван иргэн согтуугаар завь унан голоор явсан дуудлагын дагуу холбогдох газрынхан очиж амь насыг нь аварчээ. Энэ мэт ослууд гарсаар байна.

Түүнчлэн аймгийн ОБГ-аас усны ай сав, гуу жалга даган буусан айлуудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүллээ. Харин холбогдох газрын шаардлагыг хүлээж авахгүй байгаа 19 айл нүүхгүй цааргалж  голын ай сав газарт байсаар байгаа аж. Гэсэн хэдий ч эдгээр айлд хяналт тавьж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгааг албаныхан тодруулав. Мөн бороо их орж байгаатай холбоотой айлуудын цахилгааны оруулгын утас муудсанаас чийгтэй орчинд богино холбоо үүсэн галын аюул гарч багагүй хохирол учирсаар байгаа гэв. Тухайлбал, Сүхбаатар сумын нэр бүхий иргэн галын аюулд өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсан өөрөө үхлийн ирмэгт байхад нь онцгой албаныхан очиж аварсан. Уг нь тус албанаас анхааруулга өгч, цахилгааны утсаа солихыг шаардаж байсан аж. Гэвч тухайн иргэн анхааруулгыг хүлээн авахгүй ийм байдалд хүрчээ. Энэ мэтчилэн Сүхбаатар суманд гал түймрийн тоо ихсэж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж буй юм. Тиймээс иргэдэд цахилгаан ашиглалт холболтын аюулгүй байдлыг ханган, байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хүлээн авч ажиллахыг анхааруулж байна.

 Ч.ОТГОНЦЭЦЭГ (Сэлэнгэ)

Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш