logo
Ц.Элбэгдорж харгис хэлмэгдүүлэгч болов гэж буй Н.Энхбаяр бүр олон хүнийг шоронд хийлгэж байсан

Ц.Элбэгдорж харгис хэлмэгдүүлэгч болов гэж буй Н.Энхбаяр бүр олон хүнийг шоронд хийлгэж байсан

2012/09/22
Н.Энхбаяр авлигын хэрэгтээ атгагдан, дөрвөн жилийн хөөрхөн ял аваад дөнгөлөгдөх нь үү гэтэл, таван өрөө люкс эмнэлэгт заларлаа, гадаад явж эмчлүүлнэ ч гэх шиг эсэн бусын юм дуулдаж байна. Хэрвээ үнэхээр буруутай нь тогтоогдоод яллагдчихсан л юм бол яагаад энэ хүн бусад аавын хүүхдүүдийн адил хувцсаа дээрэмдүүлээд, өөр камерын овгоруудаас захиа авч дарамтлуулан ар гэрээсээ мөнгө авч өгөн татварлуулаад, яр шарх янз бүрийн өвчинд баригдаад явахгүй, ингээд гавъяа байгуулчихсан юм аятай, хаан хүн шиг тансаглаад, асруулаад сувилуулаад байгаа юм бэ. 

Олигарх олигархдаа хайртай гэдгийн л амтыг амталж явна шүү дээ. Тэрбээр “Ард түмний ерөнхийлөгчийг аврах хөдөлгөөн” ч гэх шиг хулхины хөдөлгөөд, холбоод байгуулуулан, 37 оны хэлмэгдүүлэлт давтагдлаа гэж ойлгуулахыг хичээж байна. Гэтэл манай олигарх дэглэм ямагт л ийм байсан билээ. Н.Энхбаяр ерөнхий сайд, эрх баригч намын дарга байхдаа юу хийлгэж байв. Яг л өнөөдрийнх шиг юм хийлгэж байсан. Онцлог нь АН-ынхан дарлуулаад дуугүй явдаг байж, хүчтэйн өмнө хүчгүй нь буруу л гээд гэлдэрдэг асанж. Харин МАН мөн ч их сүржигнэх юм. 

Пальтонд нь хүрлээ гээд УИХ-ын гишүүнийг хоёр жил хориулах гэж зүтгэдэг прокурор шиг. Н.Энхбаяртнууд болбоос С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан, түүнтэй цуг мөр зэрэгцэн ардчиллын төлөө тэмцэж явсан Э.бат-Үүлийг хориулж байв. Тэгэхдээ. Малыш Энхтүвшинг залилангийн хэргийг нь аргална гэж байж, Э.Бат-Үүл рүү ус цацуулж гэргийтэй нь зодолдуулж, улмаар Э.Бат-Үүлийг танхайрав гэж саатуулснаа, аллагын хэрэгт холбогдуулсан. Бааг бааг гэж дуугардаг Баабарыг ч баривчлуулж байв. Центрпоинтын хэрэг хэмээн олон бизнесменийг бариулсан. 

Шорон оронд орж байсан,Танхайдуу бизнесмений бүлэглэлийг хоморголуулсан. Тэднийг рекет хийсэн гэсэн ч, нотолж чадаагүй. Чингэхдээ нэгэн бизнесменийг бүр алуулах гэж, эрүүгийн рецедив этгээдүүдийг Центрпоинт руу илгээсэн байжээ. Тэр бизнесмен нуугдсан байсан агаад, “Тэр хаа байна. Зодолдсон дүрээр алчих, арыг нь аргалана гэсэн шүү” гэх аймшигт этгээдүүдийн үгийг дуулаад даруй өөрөө цагдаа нар дээр гүйн очиж, сайн дураараа ачуулж байжээ. Урьд нь ариун цагаан байгаад одоо нэг их айхтар муу муухай юм болоод байгаа бас биш юм. 

Хүмүүсийн ой ухаан дэндүү богино, юмыг маш амархан мартах юм. Хэдэн сая жилийн өмнөх зэрлэг хүн тийм ойтой байсан бөгөөд, нэгийгээ үхэхэд асар их харуусч байсан атлаа, маргааш нь танихгүй, цогцсынх нь хажуугаар хээвнэг өнгөрдөг байсныг эрдэмтэд тогтоожээ. Манайхны ой тийм болсон байна. Л.Гүндалайг улсын нууц задлав гэж гүтгэн, хилийн дээсээ давж, олон улсын нислэг рүү орж баривчлан гурав хоног хорьж байв. Олигархиуд Хятадын тагнуул болж явдгийг илчилсний төлөө түүнийг том яланд унагаж хэлмэгдүүлэх гэж байлаа. 

Мөн Л.Гүндалайд тэрхүү материалыг өгсөн М.Энхсайханыг баривчилж хэлмэгдүүлэх гэж байв. “Гөлөг болгоно” гэх зэргээр занасан нь М.Энхсайханыг Н.Энхбаярыг дагалдагч болоход нь нөлөөлсөн гэдэг. Ерөнхийлөгч, олон нийтийн шаардлагаар энэ айсуй хэлмэгдүүлэлтийг зогсоожээ. Центрпоинтын баривчилгааны өмнө Л.Гүндалайгаар нийтлэл бичүүлж, олон нийтийн сэтгэлзүйг бэлдэж байсан гэдэг. Гэтэл дараа нь Л.Гүндалайг яав? Ташрамд, танхайдуу бизнесменүүдийг эхлээд танхайрсан гэж барьж, хорьж аваад дараа нь рекет, Зоригийн аллага зэрэг хэргийг тулгаж эхэлжээ. 


Н.Энхбаяртнууд 1997 онд АХЭ-ийн элсний 13-тай нийлж “казиногийн хэргээр" төрийн гурван түшээг шорон руу илгээж байсан бөгөөд, тэдний нэг хууль зүйн сайд С.Батчулуун шоронд эрүүл мэнд нь муудан доройтсоноос болж, суллагдсан хойноо нас барсан. Монгол упсын ерөнхийлөгч бол бүх шүүгчийг, ерөнхий прокурорыг томилдог онцлогтой бөгөөд, үүнийг улс төрийн зэвсэг болговол аюултай. Мөн Н.Энхбаяр багын найз Шанага Д.Ганболдоо ЦЕГ-ын даргаар ажилуулж байв. Н.Энхбаяр хоригдлыг суллах, цаазтаны цаазыг цайруулах эрх мэдэлтэй. 

Түүнээс болж олон хүн гайтаж аавынхаа хаалгыг татаж байсан. Мөн хар мөртэй, балагтай хүн гэдэг. Гэтэл тэр найз нөхдийгөө хэрэг төвөгт холбогдвол харж үздэггүйгээрээ алдартай. ХЗХ-ны Ц.Түмэнгэрэл, Хонхэрээ Б.Энхбатыг харж үзээгүй жишээг дурдахад    хангалттай. Ц.Түмэнгэрэлийг харин ч сэмхэн, шуурхайгаар, Цагаан сарын өмнө цаазалж, ар гэрийнхний нь голыг харлуулж байсан. Хэн нэгнийг шоронд хийх эрх мэдэл шүүгч нарыг томилдог ерөнхийлөгчид бий. Ерөнхийлөгч энэ эрх мэдлээ бусдыг айлгах сүрдүүлэх хэрэгсэл болгох нь Монголд түгээмэл байж ирэв. 

Сэтгүүлчид шударга мэдээлэл өгдөг шударга төрийн албан хаагч Н.Дэмбэрэлийг хорьж байсан. Тэр үед Н.Дэмбэрэлийн талаар амтай бүхэн шуугиж, тэрбээр улс төрийн од болж байсан ч, түүнийг одоо хэн бүхэн мартсан нь ойлгомжтой. Н.Дэмбэрэлийг шоронд хийхийг Ч.Улааны хүслээр шийдсэн. МАХН-ын элсний 13-ын гишүүн учир Н.Энхбаяр хүсэлтийг нь ёсоор болгосон. Шүүх хурал нь гэрчгүй болсон. Энэ бүхэн нь тэгээд бас эцэстээ М.Энхболдын гар хөлийг тайрахад чиглэгдэж байсан. Ахмадуудын эрх ашгийг хамгаалсан Г.Баасан, шударга шүүхийн төлөө дуугарсан Х.Бат- Ялалт, Н.Энхбаярын өргөөндөө морилох зам дээр жагссан Т.Рэнцэнтавхай, О.Цолмонгийн талаар бухимдан хашхирсан Тагнуулын газрын дарга асан Б.Билэгт гээд олон хүнийг баривчлуулж байв. 

Энэ бүхэн төрийн тэргүүний санаачилга хүсэлтэд хэн хориг тавих билээ дээ. Тэр үед улс төрийнхөн, тэмцэгчид үнэхээр их түгшүүртэй байдалд байлаа.
Гэтэл одоо Ц.Элбэгдорж, АН гэж айхавтар хэлмэгдүүлэгч гарлаа гэж МАН шуугиж байна. Тийм биш ээ. Ямагт л одоогийнх шиг байж ирсэн юм шүү. Дээрх бүх баривчилгаа, яллалт бүгд ямар ч баримт нотолгоогүй явагдаж байсан. Өөрийн үүсгэлцсэн систем нь, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр болгож дээ.

Эх сурвалж:"Болсон Явдал"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш