logo
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх оны турш тэмдэглэнэ

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх оны турш тэмдэглэнэ

2012/09/22
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ-/аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюарт тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга ноён Кристофер Стюартад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Британи улс өрнөдийн орнуудаас хамгийн анх-1963 онд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирэх 2013 онд дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр талын чухал ач холбогдол бүхий айлчлалууд харилцан амжилттай болсон, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Британид ажлын айлчлал хийж, энэ жил Лондонгийн олимпийн нээлтэд оролцсон, 2011 онд Британийн Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Ж.Брауни манай улсад мөн ажлын айлчлал хийснийг дурдаад хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны хөгжилд ч сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлэв.
Кристофер Стюарт Монгол Улсад эх орноо төлөөлөн Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлээд хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэхэд эдийн засаг- худалдааны салбарын эрчимтэй хамтын ажиллагаа томоохон түлхэц болохоос гадна боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ч олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
УИХ-ын дарга ИБУИНВУ нь Европ дахь манай худалдааны гол түнш орнуудын нэг бөгөөд монголчууд тус улстай тогтоосон харилцаа холбоогоо ихэд  үнэлж, Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байдаг, ялангуяа боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүлж, Британид сургах оюутны тэтгэлгийн тоог нэмэх, оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг онцлон ярилаа. Тэрбээр мөн Монгол Улс ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөртөө Британийн Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг дурдаад энэхүү хамтын ажиллаагаг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхд Элчин сайдын хувьд анхаарч ажиллахыг Кристофер Стюартаас хүсэв.
Монгол-Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр талдаа ирэх оны турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж буйг УИХ-ын дарга онцлоод энэ нь хоёр орны харилцааны 50 жилийн түүхийг сурталчлан таниулах томоохон ажил бөгөөд энэхүү олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Элчин сайд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш