Архи тамхины албан татвар нэмэгдсэн ч архины худалдаа багассангүй. Харин ч хуурамч архины худалдаа цэцэглэхэд түлхэц болжээ. Хуурамч архи буюу чанаргүй хямд архи ихээр худалдаалагдах болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяраас тодруулахад, “Одоогоор хуурамч архины худалдаатай холбоотой хэрэг бүртгэгдээгүй байна. Ер нь энэ төрлийн хэрэг баяр ёслолын үеэр л ихсэх хандлагатай байдаг” гэлээ. Харин Нарантуул зах орчмын байдал тэс өөр байлаа. Тус захын хойд хэсгээр байрлах хүнсний дэлгүүрүүдэд “Тахилга”, “Мөнхжин”, “Шим”зэрэг хямд архи худалдаж байв. Гэвч тэдгээр дэлгүүрүүд лангуун дээрээ дээрх архийг тавиагүй байлаа. Тус дэлгүүрээс архи барин гарч ирсэн А. Эрдэнэбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-Таны барьж яваа архи энэ дэлгүүрт харагдсангүй. Та хаанаас авсан бэ?
-Энэ хавийн ихэнх дэлгүүрүүдэд байгаа. Гэхдээ хэн хамаагүй хүнд өгдөггүй юм аа. Зүс таньдаг хүмүүстээ л өгдөг юм.
-Хэдэн төгрөгөөр зардаг юм бол ?
-Долоон зуун тавин граммтай нь 2500 төгрөг, жижиг нь таван зуун граммаар савлагдсан нь 1500 төгрөгөөр зарагддаг.
-Энэ архийг өөр хаана зардаг вэ. Та мэдэх үү?
-13 дугаар хорооллын 22-ийн "б” байрны урд байрлах хүнсний дэлгүүрт энэ архийг зардаг. Чи ер нь яагаад надаас архи асуугаад байна вэ гэсээр цааш одсон юм.
А.Золжаргал
Эх сурвалж:"Нийслэл Таймс"