logo
Төрд бус, иргэндээ эрх мэдлийг олгоё, Хөшөө барималд бус, хүндээ хөрөнгө оруулалт хийе

Төрд бус, иргэндээ эрх мэдлийг олгоё, Хөшөө барималд бус, хүндээ хөрөнгө оруулалт хийе

2012/09/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлсэн үг 

2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
АНУ, Нью-Йорк хот  
 
Ноён Ерөнхийлөгч өө,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төр засгийн тэргүүн, эрхэмсэг хатагтай, ноёд оо,
 
НҮБ хэмээх энэхүү чухал байгууллагын гишүүн болсныхоо 50 жилийн ойг Монгол Улс өнгөрсөн жил тэмдэглэсэн билээ. Эрх чөлөөт Монгол түмний сонголтоор төрийн тэргүүнээр сонгогдсон Монгол малчны хүү миний бие улс оронд маань нээлттэй, чөлөөт нийгмийг бүтээн байгуулах их үйлс хэрхэн өрнөж байгаа талаар Та бүхэнд илтгэн танилцуулахдаа баяртай байна.  
 
Эдүгээгээс 20 гаруй жилийн өмнө Монгол Улс салаа замын уулзвар дээр ирсэн юм. Бид түүхэн баялаг хөрсөндөө ардчиллын далбааг бат бэх суурилуулсан билээ.
 
Бид 1989 оны жихүүн өвөл, 1990 оны Цагаан морин жилийн хавар хэдэн арван жилийн турш ард түмнийг өөрсдийнх нь зүй ёсны сонголтоор бус удирдаж ирсэн засгийг халж чадсан. Ийнхүү иргэний эрх, эрх чөлөө сэргэн тогтсон юм. Бид хувьсгалаа ганц ч цонх хагалалгүй, дусал цус ч урсгалгүй хийж чадсан.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Эдүгээ хорь гаруй жилийн дараа Монгол Улс иргэд нь засагласан тогтвортой төртэй улс болон хөгжиж байна. Бид Ардчиллын төлөөх Азийн түншлэлийг санаачилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Эрх чөлөөний төлөөх дэлхий дахины энэхүү хөдөлгөөнийг бид бахархалтайгаар удирдаж явна.
 
Ил тод байдал, хариуцлага, хуулийн засаглалыг бид тууштай баримталж ирсэн. Эдгээр нь ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь гэдгийг бид мэднэ. Тиймээс, бид нийгэмдээ, төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл, авлигыг үл тэвчих үйлсийн төлөө ажиллаж байна.
 
 
Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээрэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаад халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй довтолж, таслан зогсоох ёстой.
 
Чөлөөт, шударга сонгууль явуулж, нэг хүчнээс нөгөө хүчинд эрх мэдлийг тайван замаар шилжүүлж ирсэн туршлага маань дэлхийн бусад ардчилсан орнуудад үлгэр дууриал болж болох юм гэж би боддог. Монгол Улс иргэний оролцоотой, шууд ардчиллын өөд замнаж байна. Бид төрд бус, харин ард иргэддээ илүү эрх мэдэл олгохыг эрхэмлэнэ. Монгол Улс дорно дахь ардчиллын түгээн дэлгэрүүлэгч, хөтөч болж байгаагаараа бахархдаг.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Төгс ардчилал гэж үгүй. Бусад ардчилсан орнуудад тулгардаг хүндрэл сорилтууд манайд бас тулгарч л байгаа. Ардчилал сонгуульд санал өгснөөр дуусдаггүй, саналаа өгөх нь ардчиллын зөвхөн эхлэл юм.
 
Монгол Улс ардчилал, эдийн засаг, газар зүйн байрлал гээд олон түвшинд онцгой байр эзэлдэг. Тунгалаг, ил тод байдлын төлөөх тууштай замнал, энх тайван найрамдлын төлөөх итгэл сэтгэлээрээ бид бүс нутгийн идэвхтэй тоглогч болж чадсан.
 
Эдийн засгийн салбарт бид гайхамшигтай өсөлтийн замд гарлаа. Өнгөрсөн онд манай эдийн засаг 17 гаруй хувиар өслөө. Өсөлтийн энэхүү хурдаа хадгалах нь бидний хувьд том сорилт юм. Энэхүү сорилтыг бид даван туулахын төлөө бэрхшээлийг сөрөн ажиллаж байна.
 
Бид хөгжлийнхөө хоёр том зорилтыг тэнцвэртэй хангахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтөөр бий болсон боломжуудыг Монгол хүн бүрт тэгш эдлүүлэх, хоёрдугаарт, Монгол Улс бизнес хийхэд нээлттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн гэдгээ дэлхий нийтэд тодорхой, баттай нотлон харуулах явдал юм.
 
Бид дэд бүтцээ сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байгаа. Иргэдийнхээ ойрын болон хэтийн хэрэгцээг хангахын тулд маш их зүйл хийж бүтээх хэрэгтэй байгаа. Бидний амжилтын түлхүүр нь манай ард иргэд юм. Бид иргэдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Бид нийгмийн болон эдийн засгийн дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Бид хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой, хийх ч болно.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Дэлхийн хамтын нийгэмлэгийн шинээр гарч ирж буй залуу удирдагчийн хувьд Монгол Улсад олон улсын түвшинд хэрэгжүүлэх тэргүүн зорилтууд бий. Эдгээрээс нэн чухал нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлс юм. Улс орнуудын эдийн засаг тэлж өсөхийн хэрээр улс орон бүр эх дэлхийгээ хамгаалах үүрэг хүлээх ёстой. Энэ жил НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс байгаль орчноо хамгаалах чиглэлээр бидний авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн шагналаа олгосонд миний бие талархаж байна. Бид цаашдаа улам ихийг хийх болно.
 
Бидний өөр нэгэн чухал зорилт бол хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх үйлс юм. Монгол Улс цаазаар авах ялыг зогсоогоод байгаа билээ. Ерөнхийлөгчийн хувьд миний бие уг ялын гүйцэтгэлд хориг тавьсан. Удахгүй бид цаазаар авах ялыг бүрмөсөн халах хууль гаргахаар ажиллаж байна. Төрийг хүн, ард иргэд бий болгодог. Өөрийг нь бий болгосон иргэнийхээ амийг хороох эрх нэг ч төрд байх ёсгүй гэдэгт итгэдэг. Энд би нэг л зүйлийг тодорхой хэлье. Цаазаар авах ял бол шударга бустай тэмцэх арга биш, энэ бол бусармаг балмад явдал.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалахын төлөөх үйлсэд Монгол Улс тууштай зүтгэж ирсэн. Бид дэлхий даяар цөмийн зэвсгийг үгүй хийж эх дэлхийгээ аврах ёстой. Монголын газар шороонд цөмийн хог хаягдлыг булшлахын эсрэг бид баттай зогсож байгаа.
 
Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэсэн статустай болсны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сарын 17-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн орон БНХАУ, Франц, ОХУ, ИБУИНВУ болон АНУ цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын статусыг нотлон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Монгол Улс талархаж байна.
 
Монгол Улсын санаачлан удирдаж буй “Монгол Улс ба Цөмийн зэвсгээс ангид бүс” яриа хэлэлцээ амжилттай урагшилж байна. 2015 онд бид энэ чиглэлээр илүүтэй ахиц дэвшилд хүргэх томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Та бүхэнд дуулгахад таатай байна.
 
Зарим улс орон цөмийн эрчим хүчээр эрчим хүчний хэрэгцээгээ хангахаас өөр аргагүй байгаа хэдий ч аливаа орны цөмийн хөтөлбөр НҮБ болон Олон улсын Цөмийн эрчим хүчний байгууллагын байнгын хараа хяналт дор явагдах ёстой. Аливаа орны цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах төсөл хөтөлбөр нь тэдний хөрш зэргэлдээ тусгаар улсуудын энх тайван, аюулгүй байдалд аюул, эрсдэл учруулах ёсгүй.
 
Эдгээр сорилт, хүндрэлүүдийг шийдвэрлэх гол арга зам нь салан хөндийрөх бус, харин хамтран ажиллах явдал юм. Илүү дипломат арга ажиллагаа, илүү яриа хэлэлцээ, илүү үйл ажиллагаагаар бид асуудлаа шийдэх ёстой.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Үг яриагаар бүхнийг шийдэхгүй гэдэг нь улам бүр ойлгомжтой болж байна. Энх тайвныг сахин хамгаалахын тулд бид нэгэн санаа зоригтойгоор тууштай ажиллах шаардлагатай байна. Зөрчил тэмцэл, ялангуяа Ойрх Дорнодын бүс нутагт хурцдаж буй энэ цаг үед энх тайвны төлөө илүү тууштай тэмцэх хэрэгтэй боллоо.
 
Эрхэм Элчин сайд болон албаны хүмүүс Ливид амь эрсэдсэн нь үнэхээр эмгэнэлтэй. Дипломат харилцааны эрхэм зорилго бол энх тайван юм. Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт халдаж байгаа нь олон улсын гэрээ эрх зүй, түүний үг үсгийг уландаа гишгэж байгаатай утга нэг юм.
 
Сири Улсад өрнөж буй утга учиргүй хүчирхийлэл, цус асгаруулсан тулааны эсрэг эвсэлд Монгол Улс нэгдсэнийг ч би дахин илэрхийлмээр байна. Хэдийгээр Сирийн хөдөлгөөн тайвны замаар эхэлсэн ч харамсалтай нь Засгийн газрын зүгээс хүчирхийлэлд турхирлаа. Өдрөөс өдөрт, цаг хором өнгөрөх тусам нөхцөл байдал улам дордсоор байна.
 
Сири Улсад өрнөж буй хямралыг жишээлж үзвэл зөвхөн Сирийн иргэд өртөж, амь эрсдэж байна гэж үзэх боломжгүй юм. Бид нэг дэлхий дээр зэрэгцэн амьдарч буй хүн төрөлхтөн учир тэд бидний ах, дүүс мөн. Дахиад нэг хүний алтан амь шалтгаангүйгээр үрэгдэхээс өмнө дэлхий нийт цус асгаруулсан аллага, хядлагыг эцэс болгох тэмцэлд нэгдэх нь зүйтэй.
 
Бидний цэцэг цэврүү шиг охид хөвгүүд сургуульд сурч, өөрсдийнхөө ирээдүйг, мөрөөдлийг бүтээн байгуулах, биелүүлэх ёстой. Эдгээр охид хөвгүүд, тэдний эцэг эхчүүдийн амь гудамжинд үрэгдэж, тэдний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрөх ёсгүй.
 
Энэ бол зүгээр нэг телевизийн нэвтрүүлэг биш. НҮБ-ын гишүүд бид тэр нэвтрүүлгийн үзэгчид ч биш. Зүгээр нэг телевизийн нэвтрүүлэг үзэх гэж энэ байгууллага байгуулагдаагүй. Бид шийдвэр гаргах хэрэгтэй. Бид үйлдэл хийх шаардлагатай байна.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Хүний эрх зөрчигдсөн эсвэл эдийн засгийн боломж муу байгаагаас уу, ер нь ямар шалтгаанаас гэдэг нь хамаагүй, үр хүүхдээ дайн тулаан, тэмцэлд явуулсан олон эхийн сэтгэл шаналж байна. Эх хүн үр хүүхдээ эрх чөлөөтэй байгаасай, ажилтай байгаасай, сайн сайхан амьдраасай л гэж боддог.
 
Миний 92 настай ээж маань намайг хүн бүрт хүндэтгэлтэй ханд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад хүмүүст илүү хүндэтгэлтэй ханд, тэдний төлөө ажил хий гэж өдөр бүр захидаг. Өрх гэрийн өмөг түшиг, улс үндэстний сурвалж язгуур нь эмэгтэйчүүд байдаг. Тэд эх дэлхийд амьдралыг бэлэглэдэг, тэд нялх үрийнхээ уйлах дууг мэдэрдэг. Хөгшин настай, ядарсан, өвдсөн зовсон болгоныгоо, асрамж халамж хэнд хэрэгтэйг мэдрэх зөн билиг тэдэнд бий. Бидний ээжүүд, эгч дүү нар, охидуудад маань бусдыг асран халамжлах нигүүлсэл нандин сэтгэлээрээ ялгардаг.
 
Бид улам олон удирдагч эмэгтэйчүүдтэй болох хэрэгтэй. Эмэгтэйчүүд аливааг цогцоор харах хандлагатай байдаг. Нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд төрийн үйлчилгээний бүх шатанд илүү олон эмэгтэйчүүдийг ажиллуулах шаардлагатай байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад эмэгтэйчүүд онцлог байдлаар хандах нь дамжиггүй.
 
“Эмэгтэй дарангуйлагч, гараа цустсан удирдагч” гэж та бүхэн сонссон уу? Үгүй л болов уу. Илүү олон эмэгтэй эрх мэдэлтэй байсан бол бид илүү эв найртай, илүү хамтач, арай бага зовлон зүдгүүртэй, арай бага зөрчил тэмцэлтэй байх байсан гэж би боддог.
 
Өнгөрсөн зургадугаар сард болсон манай парламентын сонгуулиар эмэгтэй парламентчдын тоо өмнөхөөсөө гурав дахин өссөнийг Та бүхэнд дуулгахад таатай байна.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгохын тулд охид хөвгүүдийн сурах боловсрох эрх тэгш байх учиртай. Боловсрол бол хүний язгуур эрх юм. Хүний хөгжлийн, чөлөөт нийгмийн суурь нөхцөл нь боловсрол.
 
Чанартай боловсролын үүд хаалгыг бид хүүхдүүддээ, хүүхэд бүрт нээж өгөх үүрэгтэй, тийм өртэй хүмүүс. Зэр зэвсэгт биш харин бид үр хүүхдүүдийнхээ боловсролд илүү хөрөнгө оруулах ёстой. Боловсрол бол хүүхэд бүрийн авьяас чадвар, нөөц бололцоог нь нээж өгдөг түлхүүр юм.
 
Маргаашийн иргэдийнхээ боловсролд хөрөнгө оруулахын ач холбогдол улс орны хувьд ч, дэлхий дахины хувьд аугаа их юм. Эрдэм боловсролтой улс үндэстнүүд эдийн засгийн хувьд баталгаатай, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг, улс төрийн илүү их эрх чөлөөтэй байдаг.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
 
Монгол Улс урагш ахин дэвшиж байгаа тухай, дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байсаар байх болно гэдгээ нотлон хэлэхдээ би баяртай байна. Эрхэм нэр төр, хүндлэлийн хамт эрх, үүрэг аль аль нь ирдэг гэдгийг бид ойлгодог.
 
Найман зуун тавин жилийн тэртээ Эзэн богд Чингис хаан мэндэлсэн юм. Дэлхийн түүхнээ хуурай газар дээрх хамгийн том эзэнт гүрэнг Чингис хаан байгуулсан билээ. Тэр өөртөө ганц ч хөшөө босгоогүй юм.
 
 
”Морин дэл дээр дэлхийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад улс гэрээ засан төвхнүүлэх амаргүй” хэмээн эзэн Чингис хааны хэлсэн үг бий.
 
Хэдүүлээ үнэнээ л ярья. Түмэн янзын түвэгтэй энэ дэлхийд дипломат байх нь амаргүй болжээ. Бүх хүнд тэгш бололцоо олгохын төлөө тэмцэх ч амаргүй. Авлигын хар үүр уурхай руу гэрэл гэгээ тусгах бас л хэцүү. Хуулийн засаглалаар нийгмийг удирдах ч бас амаргүй. Жинхэнэ ардчиллыг цогцлооно гэдэг ч хэцүү. Харин хөшөө баримал босгох амар. Эвдлэх, нураах бүр ч амар. Сайн засаглах амаргүй.
 
Бид бүгд мориноосоо бууж, засаглах хэрэгтэй болоод байна. Засаглах засаглахдаа бүр сайн засаглах хэрэгтэй байна. Ингэж байж л бид хүүхэд бүр нь айх аюулгүй байх тийм л нийгмийг байгуулж чадна. Гэр бүл нь илүү найрсаг, чадавхтай, аз жаргалтай байх тийм нийгэм, үндэстэн болгон өсөн дэвжих тийм л дэлхийг бид байгуулах учиртай.
 
Жинхэнэ манлайлагчид, жинхэнэ удирдагчид ийм л түүх бүтээж, ийм л дэлхийг ардаа үлдээх ёстой. Тэд хөшөө дурсгалд бус, хүндээ хөрөнгө оруулалт хийдэг, иргэнийхээ сайн сайхан, эрх чөлөөт амьдралд хөрөнгө оруулалт хийдэг.
 
Ноён Ерөнхийлөгч өө,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм төр, засгийн тэргүүн манлайлагчид аа,
Хадагтай ноёд оо.
 
Та бүгдэд талархая. Хамтдаа шинэ боломжуудыг нээж, хамтдаа урагшлая.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш