logo
“Мама коrеа”-гийн хоолноос амьд жоом гарлаа

“Мама коrеа”-гийн хоолноос амьд жоом гарлаа

2012/10/01

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мама коrеа" ресторанд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн хоолноос амьд жоом илэрчээ. Тус рестораны эзэн Нямсүрэнгээс энэ талаар тодруулахад:

 

-Би ойрын хэд хоног ажилдаа ирж амжаагүй. Намайг эзгүйд манай зохион байгуулагч тогооч нар хариуцлагагүй ажиллаа. Дахин ийм хариуцлагагүй зүйл гаргахгүй хэмээж байв. Тус ресторан ердөө тогооч, зохион байгуулагч гэсэн хоёр ажилтантай юм байна.

Үйлчлүүлэгчдэд цэвэр орчинг бүрдүүлж, тэдний эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой тус рестораны ариун цэвэр ямар байгааг манай гэрэл зурагчны дуранд хэрхэн туссаныг харна уу? Рестораны гал тогоо ийм дур зурагтай байхад Мэргэжлийн хяналтынхан үйл ажиллагааг нь явуулсаар иржээ. Ийм нөхцөлд жоом байтугай нь үржихээс ч яах вэ.

Түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсооно
Энэ үеэр тус рестораны үйл ажиллагааг шалгахаар ирсэн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ж.Цэнгүүнтэй уулзаж цөөн асуултанд хариулт авсан юм.

-Иймэрхүү зөрчил гаргавал ямар хариуцлага тооцдог вэ? 
-Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан байцаагч гэж нэгээс хоёр хүн байдаг. Өмнө нь нэг хүн байсан бол одооноос хоёр хүнтэй болж байгаа. 800 гаруй объектод хоёр байцаагч маань шалгалт хийнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу МХЕГ-аас батлагдсан удирдамжийнхаа дагуу өмнөх жил нь урьдчилан мэдэгдээд вэб сайт дээрээ хяналт шалгалт хийх газруудынхаа нэрс, хугацааг нь гаргаад тэр дагуугаа бид шалгалтаа хийдэг.


-Тэгэхээр хуулийнхаа дагуу жилдээ ганцхан удаа интернэтээр зарлаж байж шалгадаг хэрэг үү? Бусад үед яаж хяналт тавих уу? 
-Өмнөх жилүүдэд бид өөрсдөө зөвлөмж удирдамжаа боловсруулаад шалгадаг байсан бол одоо Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдэж батлагдсанаас хойш тийм зүйл байхгүй болсон. Дарамт шахалтыг багасгаж байна гээд бид төлөвлөгөө гаргаад шалгаж болохгүй, үйлчилгээ цэвэрлэгээ тааруухан газруудаараа байн байн ирээд байж болохгүй болсон. Яг л зарлагдсан газрууддаа урьдчилан вэб сайт дээр тавигдсан нэрсийн дагуу удирдамжаа үндэслэн шалгалтаа хийдэг. Үүнээс гадна хүмүүсээс ирсэн гомдол мэдээлэл, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтийн дагуу шалгалт хийнэ.

-Энэ мэт зөрчил гаргасан тохиолдолд хуулиараа ямар хариуцлага хүлээлгэх вэ? 
-Бид үзэж шалгаад стандартын шаардлага хангахгүй байвал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна. Улсын байцаагч үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байсан бол одоо түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож дээд байгууллагадаа мэдэгддэг болсон.

Улаанбаатар таймс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш