Барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчигдөж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэд хэдэн хэрэг өнгөрөгч сард гарсан . Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-аас Барилгын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсгийг есдүгээр сарын 18-нд байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийнхэн ажлаа эхлүүлээд сар гаруй хугацаа болж байгаа хийгээд санал, дүгнэлтээ Баасан гарагт УИХ-ын дарга, гишүүдэд танилцуулах юм. Уг ажлын хэсгийн гишүүн О. Баасанхүү Сөүлийн гудамж буюу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн замын урд талаас эхлэн хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүр хүртлэх газарт баригдаж буй 6-7 барилгад шалгалт хийжээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн газрын алба, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцсон байна. Дээрх барилгууд нь Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо болон зөвшөөрөлгүй, эсхүл авсан зөвшөөрлөөсөө өөр зориулалтаар баригдаж байгаа юм. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар илүүтэйгээр анхаарлаа хандуулжээ. Хотын төвийн зургаахан барилгыг шалгахад хэн, хаанаас, хэзээ зөвшөөрөл өгсөн, яаж олгодог, хэний эзэмшилд байдаг, ямар зориулалтаар баригдаж байгаа болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар гээд тодорхойгүй, зөрчилтэй зүйлс нилээдгүй байсан аж. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх зүйлсийг тодруулж, зөвшөөрөл олгодог холбогдох албаны хүмүүсийг шалгах хүсэлт гаргахаар Авлигатай тэмцэх газрыг зорьсон юм.