logo
Австралийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Австралийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2012/10/04
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр манай улсад ажлын айлчлал хийж байгаа Австралийн Гадаад хэргийн сайд, сенатч Боб Каррыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд сайдын айлчлал болж байгаад хоёр тал талархаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ хугацаанд Австрали Улсын Засгийн газраас манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Мөн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлогыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг Австралийн туршлагаас судлах зүйл их байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэлээ. Хоёр орны үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбаруудын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг тэрбээр дурдаад энэ салбарт Монгол Австралийн хөдөө аж ахуйн яам хоорондын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай  байгаагаа энэ үеэр илэрхийллээ.  Австрали улс манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийнхаа  хэмжээг өнгөрсөн онд 3 сая австрали доллараар нэмэгдүүлсэн, энэ жилээс монгол оюутны тоог 10-аар нэмэгдүүлж 38 болгохоор шийдвэрлэсэн. 1994 оноос хойш 244 оюутан тус улсад суралцаж төгссөн бөгөөд монгол оюутнуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөх манай талын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж байгааг ноён Боб Карр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш