logo
Facebook хэмээх

Facebook хэмээх "Вант Улс".......

2012/10/06
Олон нийтийн харилцааны хамгийн том вэбсайт болох Facebook-ийг нэг тусгаар улстай зүйрлүүлэн авч үзье. Мэдээж улс учраас тодорхой нутаг дэвсгэртэй байж таарна. Тэгвэл энэ газар нутаг дээр нэг тэрбум гаруй хүн оршин сууж байна. Өөрөөр хэлбэл Facebook сайтын хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан. Хэрэглэгчдийн тоо хоёр жилийн дотор хоёр дахин өсчээ. Зукербергийн үндэслэсэн сайтын эргэлтийн хөрөнгө 14.1 тэрбум доллар байна. Энэ хөрөнгийг дэлхийн улсуудын эдийн засагтай харьцуулж үзвэл Facebook 133-р байранд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл Facebook –ийн эргэлтийн хөрөнгө Африкийн Малави болон Монгол улсын төсвөөс их байна гэсэн үг юм.
Тэгэхээр энэ улсыг хэн удирдан чиглүүлж байна вэ? Гүйцэтгэх захирал буюу ерөнхий сайд, ерөнхийлөгч нь Марк Зукерберг. Харин үйл ажиллагаа хариуцсан дээд албан тушаалтан буюу улсаар ярьвал дотоод хэргийн сайд нь Сандберг юм. Харин Facebook –ийн мөнгө санхүүг хариуцаж буй хүн буюу сангийн сайдын үүргийг Дэвид Эберсман гүйцэтгэж байна.
Facebook-ийг нэг тусгаар улстай зүйрлүүлэн авч үзэж байгааг дээр дурдсан.Тэгвэл энэ улсын төрийн албан хаагчид буюу ажилчдын тоо ердөө 3.000. Тэгвэл АНУ 16 сая төрийн албан хаагчтай юм. Хойд Америкийн хүн амын бараг 45 хувь, Европын хүн амын 29.9, Азийн хүн амын 6.68 хувь, Австралийн хүн амын 42.14 хувь, Африкийн хүн амын 5.15 хувь, Өмнөд Америкийн хүн амын 33.92 хувь нь Facebook-ийг ашигладаг гэсэн судалгаа гарчээ.
Харин Facebook-ийг хэрэглэдэггүй зарим нэг хүмүүс найз нөхөд, танилуудтайгаа харилцахын тулд мэйл илгээх, эсвэл биечлэн уулзахыг илүүд үздэг гэдгээ хэлцгээж байна. Ямартай ч хөл хөдөлгөөн ихтэй хот суурин газар амьдардаг хүмүүсийн хувьд найз нөхөд, ойр дотныхонтой уулзахад завгүй ажил, замын түгжрэл гээд багагүй бэрхшээл тулгардаг. Тиймээс Facebook нь танилын хүрээгээ тэлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хэрэгцээт мэдээллээ олж авах асар том талбар болоод байгаа билээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш