logo
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

2012/10/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Норвегийн Вант улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Норвегийн Вант улсын тэргүүнд бараалхав
Айлчлалын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа­гийн хамтаар хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, тус улсын Цог жавхлант хаан V Харалд, Цог жавхлант хатан хаан Соня нарт бараалхав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант улсын тэргүүнтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой ирэх онд тохионо.
Хоёр улсын ард түмэн ардчиллын замаар замнаж байна. Тийм учраас сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хангах, тогтвортой хөгжлийн төлөө олон салбарт туршлага хуваалцан хамтран ажиллаж ирсэн түүхтэй.
Цаашид бид байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал юм” гэв.
Түүнчлэн хоёр улсын түүх, уламжлалын сэдвээр болон ардчиллын үнэт зүйлийн талаар харилцан санал солилцжээ.

Сэргээгдэх эрчим хүчний талаар Норвегийн туршлагыг судална


Норвегийн Вант улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхий сайд Енс Столтенбергтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын явцад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн орны нийгэм, эдийн засаг, улстөрийн байдлын талаар товч танилцуулаад сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын талаар Норвегийн туршлагыг судлах зорилготой байгаагаа онцолсон юм.
Харин Норвегийн Ерөнхий сайд “Бидний хувьд танай оронтой бүхий л талаар туршлагаа хуваалцах боломжтой. Монгол Улсын хувьд богино хугацаанд ардчилсан тогтолцоонд шилжиж улстөр, эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж чадсанаараа гайхамшигтай бөгөөд өмнөө тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулж сайн хөгжлийн жишгээр урагшилна гэдэгт итгэлтэй байна” хэмээн уламжлав.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Норвегийн Вант улсын парламент буюу “Стортинг”-ийн дэд Ерөнхийлөгч Ахтар Шаудри бараалхаж талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Норвегийн бизнес форумд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв. Тус форумд Монголын талаас 60 гаруй, Норвегийн талаас мөн тооны бизнес эрхлэгчид оролцсон юм.
Форумыг Норвегийн Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жанэтт Ирэн Моен нээж хэлсэн үгэндээ дэд бүтэц, аялал жуулчлал, банк санхүү, гэрчилгээ олголтын салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай орон арвин баялаг түүхтэй, өөдрөг гэгээн ирээдүйтэй ард түмэн. Үүгээрээ хоёр орон нийтлэг үнэт зүйлстэй юм.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс Азийн оронд, тэр тусмаа жижиг оронд боломжгүйд тооцогдож байсан эдийн засаг, улстөрийн цогц өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж чадсан” хэмээгээд “Норвеги улсын эрдэс баялгаа хэрхэн үр дүнтэй ашигласан туршлага нь бидний сонирхлыг татаж байна. Түүнчлэн Норвеги улс нь хууль дээдлэхүйн жишгээр амжилт олж байгаа нь бидний суралцах ёстой нэгэн зүйл” хэмээн онцоллоо.
Олон улсын харилцааны хүрээлэнд уригдан лекц уншив

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр тус улсын Олон улсын харилцааны хүрээлэнд уригдан лекц уншсан байна.
Дэлхийд нэртэй тус хүрээлэнгийн захирал Улф Свердруп Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албан ёсны зочдын хамтаар хүлээн авч, хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг танилцуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тус хүрээлэнгийн судлаач эрдэмтэд болон олон улсын байгууллага, бие даасан институцийн эрдэмтэд, төлөөлөгчдөд Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал хийгээд 1990 оноос хойш Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, сорилт бэрхшээлийн талаар лекц уншиж, эрдэмтдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш