logo
Төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй

Төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй

2012/10/13
УИХ-аар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өчигдрөөс хэлэлцэж эхэллээ.
Ирэх оны төсвийн орлого 7 их наяд төгрөг байх бөгөөд энэ жилийн төсвөөс 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн төсөвлөсөн бол татвар нэмэгдүүлэхгүй харин зарим хөнгөлөлтүүд, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт, зуун сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдэд үзүүлэх хөнгөлөлтийг зогсоох тухай санал оруулж байна. Төсвийн урсгал зардал дөрвөн их наяд найман зуун тэрбум төгрөг бөгөөд хөрөнгө оруулалт 1,4 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ хөрөнгө оруулалтын 1,1 их наяд нь өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтыг гүйцээхэд зориулах юм байна. Шинэ хөрөнгө оруулалтын зардалд 300 тэрбум төгрөгийг тусгажээ. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрүүлэхгүй, эдийн засгийн бодит өсөлт 13,5 хувьтай байна гэсэн төсөөлөлтэй төсвийн төслийг боловсруулсан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-ийн 1-ийн 2-т нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байх гэсэн заалт ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөнө. Түүнчлэн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч ийм байдлаар тусгасныг баримтлан ирэх оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Харин 2014 оноос энэ тэнцэл 1,8 хувийн, 2015 онд 5,0 хувийн ашигтай байхаар төсвийн төсөөлөлд тусгасан юм.
Ер нь төсөв баталдаг арга барилд өөрчлөлт оруулан урт хугацаанд буюу дөрвөн жилээр хөрөнгө оруулалтаа төлөвлөж байхаар болж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа юм.

Ш.Эрдэнэ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш