logo
Нобелийн Энх Тайвны шагналыг Европын Холбоонд олголоо

Нобелийн Энх Тайвны шагналыг Европын Холбоонд олголоо

2012/10/15
Энэ жил Нобелийн энх тайвны шагналыг энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулсан хувь хүнд бус, Европын Холбоонд олгосон байна. Европын Холбоо буюу 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл нь Европ тивд энх тайвныг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Нобелийн хороо үзжээ.
1951 онд Франц, Баруун Герман, Бельги, Итали, Люксембург болон Нидерландын төлөөлөгчид Парис хотноо уулзаж, "Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг" хэмээх зургаан улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллагыг байгуулснаар одоогийн Европын Холбооны үндэс суурь тавигдсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд нийтдээ 27 улсыг эгнээндээ нэгтгэсэн Европын Холбоонд Нобелийн энх тайвны шагналыг олгосон байна. Нобелийн Хорооны тэргүүн Торбьёрн Ягланд мэдэгдэхдээ "Норвегийн Нобелийн Хороо 2012 оны Нобелийн энх тайвны шагналыг Европын Холбоонд олгох шийдвэр гаргалаа.27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл нь 60 гаруй жилийн хугацаанд Европ тивд энх тайван, хүний эрх, эв найрамдал, ардчилалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан" гэжээ.
Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, зургаан улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулж байжээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөн бөгөөд 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Холбоо хэмээх одоогийн нэрээ авсан байна.
1973 онд Их Британи, Ирланд, Дани, 1980-аад онд Грек, Испани, Португал, үүний дараа Швед, Финлянд, Австри улсууд Европын Холбооны гишүүнээр элссэн. Харин үүнээс хойш ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, 2004, 2007 онд Мальт, Кипр зэрэг улсууд Европын холбооны гишүүн болсон.
Европын Холбооны түүхэнд хөгжиж дэвшсэн, уналт бууралттай он жилүүд цөөнгүй байсан юм. Хөдөө аж ахуй эрхлэгчдэд татаас олгож эхэлсэн нь нилээд шүүмжлэл дагуулж, эсэргүүцлийн жагсаалууд болж байсан. Харин 2002 онд шинэ мөнгөн тэмдэгт болох еврог гишүүн орнуудын гүйлгээнд нэвтрүүлсэн нь мөн л маргаан дагуулсан билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Европын Холбооны зарим гишүүн улсуудын эдийн засаг хямарч байна. Тэдгээр улсын эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд төсвийн зарцуулалтыг танах бодлого баримталж байгаа нь ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Зарим шинжээчид Европын холбоог задрах аюулд ороод байгааг ч анхааруулж байна.
Гэхдээ Нобелийн Хороо Европын Холбоог дайн дажны хөлд дарагдаад байсан хөгшин Европ тивд энх тайвныг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Нобелийн энх тайвны шагналыг ирэх 12-р сарын 10-нд Осло хотод гардуулах бөгөөд шагналыг 1.2 сая америк доллар дагалдах ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш