Өнөөдөр Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөнө
2012/10/18
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт буюу 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг СЕХ-ны шийдвэрээр УИХ-д сонгогдсонд тооцож тангараг өргүүлэхээр болсон билээ. Энэ дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлж магадгүй байна. УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албанаас гишүүдийн тангараг өргөхөд зориулсан цагаан эсгий олбог, төрийн далбаа, тангаргийг бичигт гарын үсэг зурах ширээ зэргийг бэлэн болгожээ.
Өвөрхангайн тойргоос УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болох Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хууль зөрчсөн үйлдлийг өдгөө шүүхийн шатанд хянаж буй. МАН-ын удирдлага, гишүүдийн зүгээс СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөлийн хуралд дайран орж, АН-ын нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийдэхгүй, тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанд учир байдлаа ярилцахыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.