logo
Дэлхийн дулаарал 15 жилийн өмнө дууссан

Дэлхийн дулаарал 15 жилийн өмнө дууссан

2012/10/22
Их Британийн цаг уурын агентлаг дэлхийн дулаарлыг 15 жилийн өмнө дууссан хэмээжээ. Уг баримтад дурдсанаар яг тэр үеэс л жилийн дундаж хэмийн өсөлт зогссон байна.
Энэхүү шуугиан тарьсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Английн цаг уурчид цаг уурын 3000 станцын хэмжилтэд үндэслэн, 1997 оны эхнээс 2012 оны наймдугаар сар хүртэл манай гарагийн дундаж хэм нэг түвшинд байсныг тэмдэглэжээ. Гэтэл өмнөх хэмжилтийн үе буюу 1980-1996 он хүртэл агаарын дундаж хэм байнга өсч байжээ. Үүнээс өмнөх 40 жилд агаарын хэм тогтвортой буюу буурах хандлагатай байсан аж.
Сүүлийн 15 жилийн хугацаан дахь хэт халалт зөвхөн 2010 онд л бүртгэгдсэн байна. Харин 2011 онд болон 2012 оны эхний найман сард агаарын хэм буурч, температур өсөх хандлага алгуурхан арилжээ.
Жоржийн технологийн хүрээлэнгийн профессор, цаг уур судлаач Жудит Карригийн мэдэгдсэнээр Бри­танийн цаг уурчид ирээдүйн дулаарлыг тооцоход хэрэглэдэг компьютер загварыг ашиглан, томоохон алдаа гаргасан гэнэ.
Түүний тэмдэглэснээр цаг уурын загвар нь хүнд, хэцүү, дээрээс нь тогтвортой бус байдаг аж. Хүлэмжийн хийн үр нөлөө нэмэгдэж байгааг баталсан загвар гаргаж авахын тулд далайн усны хэмийн удаан хугацааны давтамж, нарны идэвхжил зэрэг байгалийн хүчин зүйлсийг ашигладаг байна.
Ерөнхийдөө дээрх баримтад шүүмжлэлтэй хандах эрдэмтэн олон байгаа юм. Баруун Английн их сургуулийн цаг уур судлаач Фил Жонсын мэдэгдсэнээр 15 жил гэдэг зөв дүгнэлт гаргахад хэтэрхий бага хугацаа гэнэ. Жонс болон түүний хамтран зүтгэгчид нарны идэвхжил, далайн усны хэмийн урт хугацааны өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нь ямар нөлөө үзүүлж байгааг ойлгоогүй ч ирэх 10 жил өнгөрсөн 20 жилээс илүү дулаан байх төлөвтэй гэж үзжээ. Түүний үзсэнээр энэ 10 жилийн дундаж хэм 1990 оныхоос ойролцоогоор 0.17 хэмээр дулаан байх төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн Жонс зэрэг дээрх баримтыг эсэргүүцэгч эрдэмтэд туйлын мөсний талбайн сүүлийн үеийн мэ­дээнд тулгуурлаж байгааг мартаж болохгүй. Одоогийн байдлаар туйлын мөс 4.1 сая километр квадрат талбайг хамарч байгаа юм. Гэтэл 2007 оны есдүгээр сард 4.17 километр квадрат талбайг эзэлж байжээ. Тэгэхээр сүүлийн гучин жилийн дотор туйлын мөс 13 хувиар буурсан байна. Энэ нь зөвхөн талбай нь биш, зузаан нь хүртэл нимгэрсэн гэсэн үг.
Үүнээс гадна туйлын газар нутаг дахь цаг уурын ажиглалтын шинэ мэдээнээс үзэхэд дэлхий ертөнц өмнө нь таамаглаж байснаасаа ч илүү халж байгаа нь тогтоогджээ.
Хойд туйлын бүсийн хэм 1998-2010 онд 0.11-ээр нэмэгджээ. Энэ нь эрдэмтдийн таамаглалаас 0.44 хэмээр илүү гэсэн үг юм. Ерөнхийдөө 1850 оноос авч үзвэл эндхийн температур 0.75 хэмээр өсчээ. Харин сүүлийн 10 жил хамгийн дулаахан үе байсан аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш