logo
Монголд анх удаа 116 метр урт нүхэн гарцыг төмөр замчид барьжээ

Монголд анх удаа 116 метр урт нүхэн гарцыг төмөр замчид барьжээ

2012/10/23
Төмөр замын аюултай бүсээр иргэд зорчиж, галт тэр­­гэнд дайруулан амь насаа алд­ах нь цөөнгүй. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн нэ­гэн бүтээн байгуулалт Дархан-Уул аймагт бий бол­жээ. Тодруулбал, хуучнаар ЗТБХБЯ, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Дархан өртөөнд 2012 оны улсын төсвөөр барихаар төсөвлөгдсөн 116 метр нүхэн гарцны ажлыг УБТЗ-ын Зам зас­варын машинт станц хуга­цаанд нь гүйцэтгэж, өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд УБТЗ-ын даргын үүрэг гүй­цэт­гэгч Д.Сэрээнэндорж, УБТЗ-ын замын аж ахуй хариуцсан орлогч Д.Бат­баа­тар, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Батсүх, Дархан зангилааны дарга Ц.Ариун­болд, Монголын Төмөр замч­дын үйлд­вэрч­ний хол­бооны дарга Эрдэнэ, УБТЗ-ын Зам засварын ма­шинт станцын дарга Даш­равдан нарын албаны хүмүүс болон төмөр замчид, дар­ханчуудын төлөөлөл оролцсон юм.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Батсүх нүхэн гарцыг нээж хэлсэн үгэндээ “Монголд анх удаа хамгийн урт нүхэн гарцыг төмөр замчид Дарханд байгууллаа. Дарханчууд бахархах түүхтэй ард түмэн гэдгийг үүгээр баталж чадлаа. Энэхүү нүхэн гарцыг байгуулахад хамтран ажил­ласан ЗТБХБЯ, УБТЗ-ын үе үеийн удирлагууд төмөр замчдадаа нийт дар­хан­чуудынхаа өмнөөс талар­хал илэрхийлье” гэв.
Гурван өдрийн дунджаар судалгаа авч үзэхэд Дарханы төмөр замын аюултай бүс буюу 10 зам дээгүүр нэг өдөрт 5176 хүн зорчдог байна. Галт тэргээр тооцвол хоногт 48 галт тэрэг явдаг. Энэ нь нэг цагт хоёр галт тэрэг гэсэн үг. Цаашлаад ачааны вагонд тавилт таталт гээд сэлгээ байна. Галт тэрэгний өндөр нягтаршилтай ийм үед өдөрт 5176 хүн зорчино гэдэг бол аюул. Тэгэхээр үүнээс ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх нүхэн гарцыг барьсан гэдгийг нээлтийн үеэр албаны хүн онцолж байв. 
Түүнчлэн УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сэрээнэн­дорж “Энэ ажлыг манай төмөр замчид хий­сэн, бидний бүтээл юм. Зам тээврийн яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар УБТЗ-ын инженер, тех­никийн ажилтнууд 116 метр урттай нүхэн гарцыг улсын төсвийн 875 сая төг­рөгөөр Монголд анх удаа барилаа.
Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газрын хийж буй ажлуудын нэг. Манай төмөр замчид эндээс маш их туршлага хуримтлуулсан. Тиймээс ирэх жил Сайншандад ийм гарц барина. Хэрвээ Улаан­баа­тар хотын захиргаа хө­рөнгийг нь гаргавал нийс­лэлд найман газарт ийм нүхэн гарц барихаар төлөв­лөсөн” гэлээ.
Тус нүхэн гарц гурван өрөөтэй бөгөөд эдгээрийн нэгэнд цагдаагийн ажилтнууд байрлаж, хяналтын камерыг 24 цагаар шал­гаж, нүхэн гарцаар зор­чиж буй иргэдийн аюулгүй байдлыг хянана.
Нөгөө хоёрт нь үйл­чил­гээний төв бай­гуу­лахаар ажил­лаж байгаа аж. Үүгээрээ ашиг­лалт, гэрэлтүүлгийн зар­дал, байнгын эзэнтэй байл­гах асуудлыг шийдэх юм байна.
Мөн энэ үеэр төмөр замч­дыг шагнаж урамшууллаа. Ингээд “Залуучууд” театрын гоц­лол хөгжимчин, морин хуурч Батдорж, дуучин Даш­дулам нар “Уяхан замбуу тивийн наран” дуугаар нүхэн гарцны жаврыг үргээсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш