logo
Обама шинэ өвчин нээж, Ромни сэтгүүлчдээс татгалзлаа

Обама шинэ өвчин нээж, Ромни сэтгүүлчдээс татгалзлаа

2012/10/25
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын хэнийг нь дэлхий дахин дэмжиж байгаа болон хэн нь сонгуулиар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар товчлон хүргэе.

Дэлхий нийт Обамад талтай байна


“ВВС” агентлагийн за­хиалгаар дэлхийн 21 оронд са­нал асуулга явуулжээ. Уг асуулгаар эдгээр орны иргэд “АНУ-ын дараачийн Ерөнхийлөгч хэн байгаасай гэж хүсч байна вэ” гэсэн асуултад хариулсан байна. Ингээд хариултыг нэгтгэтэл ихэнх нь Митт Ромнид бус, хуучин Ерөнхийлөгчийг да­хин сонгогдоосой гэж хүсчээ.
Энэхүү санал асуулгыг “GlobeScan/PIPA” компани долоодугаар сарын 3-наас есдүгээр сарын 3-ны хооронд явуулсан бөгөөд нийт 21937 хүн оролцсон аж. Асуулгад оролцсон 21 орны 20 нь Обамаг дэмжжээ.
Ерөнхийдөө нэгтгэн дүгнэвэл санал асуулгад оролцогсдын 50 хувь нь Обама, дөнгөж есөн хувь нь Ромниг төрийн тэргүүнээр харах хүсэлтэй байв. Ялангуяа Обамаг францчууд маш  их дэмжиж буй болол­той. Асуулгад орол­цогсдын 72 хувь нь түүнд саналаа өгсөн гэнэ. Түүнчлэн Авст­рали, Канад, Нигери, Их Британи улсуудад ч түүний талынхан 60 хувийг эзэлж байна.
Харин Пакистанд 14 хувь нь Ромниг, 11 хувь нь Обамаг дэмжсэн аж. Ийнхүү энэ улс АНУ-ын өнөөгийн төрийн тэргүүнийг дэмжээгүй цорын ганц орон боллоо.
Яг энэ судалгааг “ВВС”-гийн захиалгаар дөрвөн жилийн өмнө дэлхийн 23 оронд явуулж байсан юм. Тэр үед үүнтэй ижилхэн үр дүн гарч байжээ. Тэгэхээр Обамаг дэмжигчдийн тоо дэлхий дахинаа буураагүй гэсэн үг.
Гэхдээ дэлхий дахин Обамад талтай хандаж байгаа нь Америкийн сонгогчдын бодолтой нийцэхгүй байна. Тэд хоёр нэр дэвшигчдэд ойролцоо санал өгөх магад­лалтай байгаа билээ.

Компанийн удирдлагуудаар дамжуулан санал өгөхийг шаарджээ


АНУ-ын “The Athlentic” сонины сэтгүүлч Дэвид Грэхемийн мэдэгдсэнээр ху­вийн бизнес эрхлэгч Дэ­вид Зигелийн цахим шуу­данд нэгэн сонирхолтой захидал иржээ. Уг захидалд “Ажилчдадаа Митт Ром­нигийн төлөө саналаа өгөхийг уриалаарай” хэмээн бичсэн байна. Учир нь, Обама ялбал улс орны эдийн засагт аюул учирч, тэдний компанид ч сөргөөр нөлөөлнө гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт “In These Times” сонины сэтгүүлч Майк Элк ч сон­гуулийн сурталчилгааны цуврал материал нийтэлсэн. Ах дүү Кохын эзэмшлийн “Georgia Pacific” компанийн боссууд ажилчдадаа ийм ухуулга илгээжээ. Үүнээс гадна Митт Ромни АНУ-ын бизнесийн  элитүүдтэй уулзах үеэрээ ажилчдадаа түүний төлөө санал өгөхийг шаард хэмээн  үүрэгдсэн   аж.
Тэрбээр “Та нар ком­панийнхаа ажилч­­дад зө­вөөр ойлгуулсан  гэж най­даж байна. Ирэх сон­гуульд бид ялснаар та бү­хэн үйлдвэрийнхээ ашиг со­­нирхлыг хамгаалан үл­­дэж, ажилчдын ирээдүйд эерэг нөлөө үзүүлж чадна. Бизнестээ эергээр нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ярих нь хууль зөрчсөн асуудал биш. Энэ бүхэн тэдний сон­голтод нөлөө үзүүлбэл таны гэр бүл, үр хүүхдэд хэрэг болно” хэмээсэн байна.
Эрх зүйн шинжээчдийн мэдэгдсэнээр АНУ-ын ихэнх газар нутагт удирдлагуудын зүгээс ажилчдадаа ийм дарамт шахалт үзүүлэхийг хязгаарласан заалт бай­даг­гүй гэнэ. Тиймээс ажил олгогчид ажилчдадаа өөрс­дийн хүссэнээр санал өгүү­лэх, шахах боломжтой гэсэн үг.
Калифорни мэтийн мэр­гэжлийн хүчирхэг хол­боод­той мужуудад ийм зүйл ажиглагддаггүй  байна. Ха­рин Флорида зэрэг өмнөд хэсгийн   ихэнх  мужид боссууд нь ажилчдаа аж­лаас хална хэмээн сүрдүүлж, улстөрийн дарамт учруулах хандлага ажиглагддаг аж.

Обама өрсөлдөгчдөө “Ромнезия” гэдэг онош тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак  Обама энэ долоо хо­ногт Огайо мужийн Дейтон хотын иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ өрсөлдөгчдөө шинэ онош тавьжээ.
Тэрбээр Митт Ромниг ой санамжаа алддаг, улстөрийн өнөөгийн дэглэмд дасан зохицохын тулд үзэл бодлоо түргэн өөрчилдөг “Ромнезия” хэмээх өвчин туссан хэмээн тэмдэглэсэн байна. Обама түүнчлэн Дейтон хотын иргэдэд энэ өвчний халдвар авахгүй байхыг уриалжээ.

Ромни сэтгүүлчидтэй уулзахгүй


Сонгууль болоход цөө­хөн хоног үлдсэн тул Митт Ромни сэтгүүлчдэд ярилц­лага өгөхгүй гэнэ. Харин сон­гогчдодоо илүү их цаг зарцуулахаар болжээ.
Харин Барак Обамагийн хувьд сонгуулийн өмнөх кампанит ажлаараа улс ор­ноо­роо хэрэн хэсүүчилж бай­гаа ч ярилцлага өгөхөөс татгалзахгүй байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш