logo
Д.Эрдэнэбат: Төсвийн хуулийг ирэх сарын 10-ны дотор батлахаар төлөвлөж байна

Д.Эрдэнэбат: Төсвийн хуулийг ирэх сарын 10-ны дотор батлахаар төлөвлөж байна

2012/10/25
УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, чуулганы хуралдаантай холбоотой асуудлаар /2012.10.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2012.10.23-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд намуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцсан байна. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Тиймээс намууд гишүүдийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулж, эхний ээлжинд улс, ард нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, төсвийн хуулиа хэлэлцэн батлах шийдвэрт хүрчээ.
УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат “МАН-ын гишүүд Өвөрхангайн иргэдийг парламентад төлөөлөх гишүүдийн тангараг өргөх асуудлаас болж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, улс төрийн явцуу үйлдэл гаргасан. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч  ч санал бодлоо илэрхийлж, төсвийн хуулиа хэлэлцэх үүргийг өгсөн. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суух нь өөрөө хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл. Жирийн иргэдийг хууль зөрчихөөр хатуу хариуцлага тооцдог мөртлөө УИХ-ын гишүүд гэхээр хуулийг үл тоож, хурал үймүүлж болно гэсэн үг биш. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа. Төсвийн хуулийг хэлэлцэхэд МАН-ын гишүүдэд сануулах хэдэн зүйл байна. Гишүүдийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулж чадлаа, бид ялалт байгуулсан гэх зэргээр улс төр бүү хийгээрэй. Төсөв батлахдаа улс төрийн элдэв популизмаа зогсоох хэрэгтэй. Тухайлбал, багш нарын 36 сарын нэмэгдлийн асуудлаар ямар ч тооцоогүй, улстөржсөн асуудлыг төсөв рүү түлхэх хэрэггүй. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй. Ерөнхий сайдтай ярилцсан. Эмч, багш нарын нэмэгдлийг үе шаттайгаар шийдэх талаар Засгийн газрын зүгээс төлөвлөсөн ажлууд байгаа юм билээ. Бас нэг хардлагыг  дагуулаад байгаа 50 тэрбум төгрөгийн  асуудал бий. АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад задаргаагаа хийхийг  хэлсэн. Удахгүй танилцуулах байх.  Төсвийн хуулийг заавал 15-нд батлана гэхгүй 10-ны дотор батлахаар төлөвлөж байна. Мэдээж алдаатай зүйл байвал  хэлэлцэж, зөвшилцөж шийднэ” гэлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш