logo
Засаг даргын шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлнэ

Засаг даргын шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлнэ

2012/10/26
 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөнийг бууруулахтай холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг дахин үргэлжүүлэхээр боллоо. 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, авто замын засвартай холбогдуулан Засаг дарга Э.Бат-Үүл цогц арга хэмжээг наймдугаар сарын 27-наас хэрэгжүүлсэн. 

Үүнд том оврын автобусыг Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэл нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, их, дээд сургууль, худалдааны томоохон төв, захуудын ажиллах хуваарьт өөрчлөлт оруулсан, хувийн сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэх зэрэг арга хэмжээ байсан. 

НИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ихэнх нь дэмжснээр авто замын хөдөлгөөний 20 хувиар бууруулсан тус шийдвэр байнга хэрэгжихээр болов. Өнгөрсөн оных энэ үеийнхтэй харьцуулсан судалгаагаа замын тээврийн осол , зөрчил холбоотой дуудлага 18,6-38,8 хувиар буурсан зэрэг маш олон эерэг үзүүлэлт гарсан тул НИТХ-ын төлөөлөгчид ам сайтай байлаа. Замын цагдаагийн газраас 56 байцаагч, Нийтийн тээврийн газраас 18 албан хаагч ажиллаж, тусгаарлах 626 шон байрлуулжээ. 

Том оврын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулснаар шугамын орлого 14.6 хувь, зорчигчдын тоо 12.5 хувиар өсчээ. Харин ажлын гүйцэтгэл 26.6 хувиар өссөн. 

Өмнө нь дээрх 6.7 км замыг 50 минутад туулдаг байсан бол нэгдүгээр эгнээгээр явснаар 32 минутад хүрэх газраа очдог болжээ. Энэ нь дунджаар хурд нь дөрвөн км цагаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Нийтийн тээвэрт 403 автобус зорчигдод үйлчилж байсан бол 44 хувиар нэмж 583 болгон нэмэгдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийнх нийлээд 980 автобус, троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Төрийн хоёр компани байгаа бол 21 нь хувийн хэвшлийнх. Цаашид автобусны тоог 200-аар нэмэгдүүлбэл ямар нэгэн чирэгдэлгүй, хомсдол үүсэхгүй байх боломжтой. Цаашид нийтийн тээврийн хэрэгслийг тохилог ая тухтай байлгах тал дээр анхаарах юм бол хүн бүр машин авах гээд байхгүй. Наад захын утаа, замын түгжрэл гэхгүй болно гэдгийг онцолсон юм. 

Ингээд НИТХ-ын төлөөлөгчид замын хөдөлгөөнтэй холбогдуулан авсан дээрх арга хэмжээнүүдийг дэмжиж тодорхойгүй хугацаагаар дахин үргэлжүүлэхийг дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш