logo
Бар, ресторанд тамхи татахыг хориглолоо

Бар, ресторанд тамхи татахыг хориглолоо

2012/10/27
Ирэх 2013 оны гуравдугаар сарын 1-нээс тамхичид, тамхины худалдаанд тавих хяналтыг эрс чангаруулахаар боллоо. УИХ-аар хоёр хоногийн өмнө баталсан Тамхины хяналтын тухай хууль тэр өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Шинэ хуулийн агуулга, хэрэгжүүлэх арга, авах арга хэмжээний талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хуулийн төслийг 2010 онд анх өргөн барьсан ч хоёр парламент дамжиж байж эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйгээр сая батлагджээ.

Статистик мэдээгээр дэлхий дээр жилд зургаан сая гаруй хүн тамхинаас болж нас бардаг бөгөөд зургаан секунд тутамд тамхинаас хамаарч нэг хүн хорвоог орхидог аж. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнууд тамхичдын орон зайг ихээхэн хумьж иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа бол ядуурал ихтэй орнуудад тамхи хэрэглэх нь их байгаа гэнэ. 2030 он гэхэд тамхинаас хамаарч нас барагсдын 70 хувь нь ядуу орнуудад ногдох магадлалтай байгаа ажээ.

Монголд сүүлийн 20 гаруй жилд тамхидалт газар авч дөрвөн хүний нэг нь өдөр тутам тамхи хэрэглэдэг болсон байна. Насанд хүрэгсдийн 42 хувь нь тамхичин бол хүүхдийн 54 хувь гэр орондоо дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн аюултай нь 15-24 насны өсвөр үе, залуусын тамхины хэрэглээ эрс нэмэгджээ.

Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газруудад 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх юм. Хуулиар ресторан, бар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудалд болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна. Ийм замаар тамхичдын орон зайг эрс хумихаар болжээ. 21 нас хүрээгүй хүн тамхи худалдах, худалдан авахгүй байхаар хуулиар зохицуулжээ.
Тамхины хайрцаг дээр байдаг эрүүл мэндийн анхааруулга 33 хувь байсныг 50 хувь болгохоор хуульд заажээ.

Тамхи татаж болохгүй гэж хуульд заасан газруудад тамхилсан иргэд, хууль зөрчсөн  албан тушаалтан, хуулийн этгээд чамгүй хэмжээний торгууль төлнө. Иргэд тамхигүй орчинд тамхи татаж байгаад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулж тамхиа хураалгах бол хууль зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураахаар заажээ.

“Тамхи бол ганцхан хүний эрх биш, эргэн тойрноо хордуулдаг. Нийгмийн стрессийг бууруулах нэг арга зам бол тамхины хэрэглээг хязгаарлах явдал юм” гэж гишүүн Г.Уянга хэлж байлаа. Тамхины онцгой татвар одоо жижиглэн худалдааны үнийн 25 хувьтай тэнцэж байгаа бол яваандаа 60 хувь хүртэл өсгөх ажээ.
Д.ОЮУН
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш