logo
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг огцрууллаа

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг огцрууллаа

2012/10/29
Засгийн газрын  хуралдаанаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ийм шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайдын зүгээс түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн юм байна.

Тодруулбал, Сангийн яам нь тендэрээр авсан ажлын гүйцэтгэл муу байхад мөнгийг нь бүрэн шилжүүлдэг атлаа ажлаа чанартай гүйцэтгэсэн компанид мөнгийг нь шилжүүлэхгүй хүнд суртал гаргадаг байсан аж. Энэ нь Төрийн нарийн бичгийн даргын ажилтай шууд холбоотой гэж Засгийн газрын гишүүд үзжээ. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг төр хариуцна гэсэн заалтыг дур мэдэн төсвийн хуулийн төсөлд оруулсан, Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь Төсвийн тухай хуулийн төсөлд явуулснаас үүдэлтэйгээр шинэчлэлийн Засгийн газар Цөмийн эрчим хүчний станц барих гэж байна гэсэн ташаа ойлголтыг УИХ-ын гишүүдэд өгсөн зэрэг үндэслэлүүдээр дээрх арга хэмжээг авсан бололтой.

Сануулахад, шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг огцруулахдаа зөвхөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг үлдээгээд байсан юм. Гэвч ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр түүнийг өнөөдөр чөлөөллөө. Орных нь хүнийг харин Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийнхнээс тавих уу, эсвэл Ардчилсан нам өөрийн хүнээ томилох уу гэдэг ирэх өдрүүдэд тодорхой болно. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш