logo
Камержуулахаасаа өмнө гэрэлтүүлээч

Камержуулахаасаа өмнө гэрэлтүүлээч

2012/10/30
Гэр хорооллыг камержуулах ажил одоо ид явагдаж байгаа. Зарим харанхуй гэр хороололд камер тавиад эхэлчихсэн. Энэ ажлын хүрээнд нийт 97 цэгийг байгуулж, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй нийт 106 камераар дүүргийн нутаг дэвсгэрийн хэв журмын нөхцөл байдлыг хянах аж. Сайхан л санаа, ажил байгаа биз дээ.

Гэр хорооллын харанхуй гудамжинд янз бүрийн хэрэг гардаг. Орой үдэш ганц нэгээрээ яваа охид бүсгүйчүүд, залуусыг дээрэмдэх тохиолдол гардаг. Камержуулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлт нь сайжрах зэрэг сайн талтай нь мэдээж.

Гэр хороолол, хотын төв гэлтгүй хаа сайгүй камер байрлуулах цаг нь нэгэнт болсон. Гэхдээ камераараа юм харахын тулд эхлээд гэр хорооллоо гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Хоёр жилийн өмнө дүүргүүд гэр хорооллоо гэрэлтүүлж, овоо хэдэн төгрөг зарсан байдаг. Дүүрэг бүр өөр өөр төсөв хөрөнгө зарцуулсан байх. Харин өнөөдөр гэр хороолол дунд асч байгаа гэрэл тун цөөн. Зарим нь хагараад, нөгөө хэсэг нь шатаад асахаа больсон.

Зарим дүүргийн гэр хорооллын гудамжуудаар дүүрэн гэрлийн шон байдаг ч асдаг гэрэл байхгүй. Асч байгаа хэд нь тун цөөн. Ийм байхад баахан камер тавиад хэрэг байна уу. Шөнийн дурантай камер л суурилуулдаггүй юм бол нэмэр болох нь юу л бол.

Өнөө цагт техник хөгжсөн, харанхуй гудамжны өнцөг, булан бүрт байгаа зүйлийг харах чадалтай камерууд байж магадгүй. Гэхдээ манайхан л болсон хойно тийм үнэтэй камер оруулж ирээд, иргэдээ хараад, хамгаалаад байна гэдэг юу л бол.

Саяхан нэг сураг дуулах нь ээ, Хятадаас баахан камер оруулж ирэх гэж байгаа гэнэ. Манай улс өөр хаанаас ч техник хэрэгсэл авчрах юм билээ. Гэтэл өнөөх Хятадад үйлдвэрлэсэн камер нь муу, 80 метрийн хол байгаа зүйлийг харах чадалтай гэгддэг нь 40 метрээс илүүг татаж харуулж чаддаггүй гэнэ билээ. Хэрвээ тийм хэдэн “хог” авчраад, харанхуй гудамжуудад байрлуулчих юм бол оромдсоноос өөр үр дүн гарахгүй биз. Тиймээс эхлээд гэрэлтүүлгээ сайн шийдэх хэрэгтэй байна.

Гэр хорооллын харанхуй гудамжууд гэрэлтэй болоод, цэлийгээд ирвэл орой үдэш, охид хүүхнүүд явж байсан ч амар. Гэрэлтэй байхад гэмт хэрэг үйлдээд, дээрэмдэж, булаагаад байх хүн ч ховор байх болов уу. Тэгээд дээрээс камер тавьчихвал аятай юу.

Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хороодыг Засаг даргын Тамгын газартай холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг ашиглаж сүлжээний холболтыг хийхээр зохион байгуулж байгаа бөгөөд хяналтын камерын сүлжээ нь дүүрэг хороодын мэдээллийн сүлжээнээс тусдаа бие даасан сүлжээ байхаар зохион байгуулна. Харин алслагдсан сүлжээний дэд бүтэц хүрэх боломжгүй газар буюу зуслангийн чиглэлд байгуулагдсан хяналтын камерыг утасгүй сүлжээ ашиглан холбохоор болсон гэсэн.

Тусдаа бие даасан сүлжээ байгуулах, шилэн кабельгүй газар кабель оруулах гээд нэлээд хөрөнгө мөнгө шаардагдах нь дамжиггүй. Тэгэхээр бөөн хөрөнгө мөнгө зарцуулж, тусдаа бие даасан сүлжээ байгуулж, утасгүй сүлжээгээ оруулчихаад ямар ч гэрэлтүүлэггүй харанхуй гудамжуудад камер тавьчихвал утгагүй хэрэг болох бус уу.

Камертай ч бай, камергүй ч бай, эхний ээлжинд иргэд гэрэлтэй гудамжаар алхаж, гэртээ харихыг хүсч байна. Албаны нөхдүүд, тохижилтдоо жилдээ 2.2 тэрбум төгрөг “цацаж” байгаа дүүргийн Засаг дарга нар энэ асуудлыг анхааралдаа авна байгаа.

Н.Пунцагболд 
Эх сурвалж: Монголын мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш