Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажил ямар шатанд явааг тайлагнах, анхаарал хандуулах ямар асуудал байгааг тодруулах, цаашид зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг төлөвлөх чиглэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайдад өгсөн билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар байгуулагдсан юм. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, ШШГЕГ, УМБГ, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх мэт хууль хяналтын бүх шатны байгууллагын болон Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны төлөөлөл оржээ. Өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, хохирогчдын төлөөлөл оролцон, мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс ХЗХ-дын хохирол барагдахгүй байгаа, зарим хоршооны эзэмшиж байсан ашиглалт, хайгуулын лиценз алга болсон шалтгаан, Мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө алга болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийг хямд үнээр борлуулсан, хураалгаж үнэгүйдүүлсэн гэх мэт асуудлыг нягталж шалгах шаардлагатай гэж үзээд дуудлага худалдаатай холбоотой материалуудыг шалгах, ХЗХ-ны ял эдэлж буй үүсгэн байгууллагчидтай хорих ангид биечлэн уулзах, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль болон “Хохирлын эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журам”-ын хэрэгжилтийг шалгах зэрэг ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.