logo
“Хямд” нүүрс худалдаалагдаж эхэллээ

“Хямд” нүүрс худалдаалагдаж эхэллээ

2012/11/05

10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын Нүүрсний уурхайд ажиллаж, нийслэлийн иргэдийн гар дээр очиж байгаа нүүрсний үнийг 14 хоногийн дотор хэд дахин буулгана гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл товлосон хугацаанаасаа өмнө хямд үнээр борлуулагдах нүүрс борлуулалтын цэгүүд дээр буужээ. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэд 3200 төгрөгөөр 40 кг-аар савласан нүүрсийг борлуулалтын цэгээс худалдан авч эхэллээ. Багануурын нүүрс хэрхэн тээвэрлэгдэж, савлагдан, худалдаалагдаж байгаатай өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа. Багануурын нүүрсний уурхай  жижиглэнгийн борлуулалтад зориулж тусгай мөргөцөг гарган, өдөрт 27 воган нүүрсийг шигшиж, бэлдээд нийслэл рүү ачуулж байгаа бөгөөд Толгойт болон Амгалан өртөөнд буулгасан нүүрсийг 40 кг-аар шуудайлж, тэндээс портер машинаар борлуулалтын цэгүүдэд  түгээж байх юм. Нэг хороонд хоёр борлуулалтын цэг байхаар тооцоолсон. Борлуулалтын цэг нь цэнхэр дарцаг бүхий тэмдэг, хаягтай байна. 

Шинэчлэлийн Засгийн газар хэлснээ хэрэгжүүлж эхэлж байна. Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай авцалдахгүй байна гэх шүүмжлэл байсан хэдий ч үүнээс өөр гарц одоогоор байхгүй байгааг Ерөнхий сайд хэлсэн. Засгийн газрын хувьд ойрын хоёр жилийн хугацаанд утаагүй түлшийг бүрэн шийднэ. 2013 оны намар утаа хоёр дахин багасна. Харин 2014 он гэхэд иргэд утаагүй түлшийг дэлгүүрээс худалдан авах боломжийг олгох болно гэлээ. 

 

Иргэдэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжийг олгож байгаа энэ төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын ажлын алба, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Улаанбаатар төмөр зам, Багануурын нүүрсний уурхай болон хувийн хэвшлийнхэн оролцож байна.Төслийн хүрээнд 1000 гаруй иргэн ажилтай болжээ.  500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч нүүрс худалдаалах ажлыг хийж гүйцэтгэх юм.

Ийнхүү улс төрчид амьдрал сайжрана хэмээн хоосон амлах биш санаачлага гарган хичээвэл үр дүн нь жирийн иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж болдогийн жишээг Шинэчлэлийн засгийн газар харуулж эхэллээ. Нэг тонн нь 250 орчим мянган төгрөгийн үнэд хүрээд байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож, өмнө нь зургаа дахин бага хэмжээтэйгээр савлагдсан нүүрс 1500 төгрөгөөр борлуулагдаж  байсныг  3200 төгрөг болгожээ. Зохион байгуулагчдын зүгээс нүүрс худалдан авахдаа  банкинд мөнгөө тушаадаг байхаар төлөвлөсөн  ч иргэд нүүрсээ бэлэн мөнгөөр худалдан авахыг илүүд үзсэн байна. Иймд энэ асуудлыг зохицуулж, борлуулагчдад мөнгөө төлөөд, нүүрсээ авах боломжийг олгожээ. Хан-Уул дүүрэгт худалдаалагдаж эхэлсэн хямд нүүрс ирэх долоо хоног гэхэд нийслэлийн бусад дүүргүүдэд ч түгээгдэх болно  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш