logo
Санхүүгийн салбарын талаар улирал бүр УИХ-д биш олон нийтэд мэдээлж байхыг илүүд үзлээ

Санхүүгийн салбарын талаар улирал бүр УИХ-д биш олон нийтэд мэдээлж байхыг илүүд үзлээ

2012/11/07
Эдийн засгийн байнгын хорооны /2012.11.06/ хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уг тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан. Тухайлбал, санхүүгийн секторын тогтвортой байдлын талаар улирал тутам Монголбанкнаас УИХ-д мэдээлэл хийх гэх зэрэг саналуудаа тэрбээр танилцуулав. Харин УИХ-ын зарим гишүүд санхүүгийн секторын тогтвортой байдлын талаарх мэдээллийг улирал тутам олон нийтэд өгөх нь зөв. Харин УИХ-д мэдээлэл хийх нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Санхүүгийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүд тогтворгүй байдлын талаар л голдуу лавлаж асуудаг. Түүнээс үүдэн нийгэмд сөрөг мэдээлэл бий болж, тогтворгүй байдлыг урин дуудах вий гэж санаа зовж байна. Угаасаа Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Улиралд нэг удаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь зүйтэй. Харин үндэслэлтэй мэдээлэл өгсөн эсэхийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг шалгаад байх боломжтой гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-д Монголбанкны мэдээллийг сонссоноор дотоод хэрэгт нь хэтэрхий оролцож байгаа хэрэг биш.  Харин ч анхаарал тавьж буйн илрэл. Мэдээлэл сонссоноор процессыг тухай бүр нь ойлгон, алдааг нь мөн засаад явах болно. Ирэх оны мөнгөний бодогын шинэчлэлд ч чухал нөлөөтэй гэж тайлбарлаж байлаа. Түүний гаргасан саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш