Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай авсаархан биедээ багтахгүй зоригтой “товарищ” юм гээч. Одоохондоо түүн шиг эрэлт хэрэгцээтэй, тэрүүхэндээ хөөрхөн хэвлүүхэн, ажлаа гадарлаад байгаа дарга цөөхөн байна. Монголын хэрэглэгчдээр тохуурхсан үйлдэл бүхэн рүү үсэрч ороод байгаа болохоор ард иргэд “Энэ нөхрийг харин ч нэг байх ёстой байранд нь авч ирээд суулгачихлаа” хэмээн ам сайтай байгаа.
Өнөөдөр биднийг хохироосоор л байгаа архи, шатахууны үнэ, бэлэн гоймон, ууттай нүүрс, цадигаа алдсан вьетнам засварчид гээд тулгамдсан асуудал бүрийг зоригтой барьж авч байна. Түүнийг нь оройдоо цэнхэр дэлгэцээр харж суугаа ард иргэдийн “магнай” тэнийх нь ч зүй ёсны хэрэг.
Хэрэглэгч олныг шулж мөлжөөд байгаа архи үйлдвэрлэгч, шатахуун импортлогч, нүүрсийг шуудайгаар биш торонд хийж зараад байгаа луйварчид, солонгос гоймонгийн оронд хужаа бэлэн хоол оруулж ирж байгаа гэмт этгээдүүдийн хууль бус үйлдэл бүрийг хангалттай ярилаа.
Ер нь ч гудамжинд жагсаж явахдаа цагаан хоолой бариад хоолойгоо цахирттал сайн хашгирдаг байсан эр л дээ. Одоо харин ярьсан бүхнээ ажил хэрэг болгох хэрэгтэй байна, О.Магнай дарга аа.
“Ник”, “Магнай трейд”, ”Сод монгол” ,“Шунхлай”, М Ойл” зэрэг шатахуун импортлогч монополиуд “Бид өнгөрсөн саруудад алдагдалтай ажилласан. Сарын эхнээс “Роснефть” шатахууныхаа үнийг нэмсэн тул бид багадаа л гэхэд 230 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй” гээд гэдийгээд байгаа. Харин О.Магнай дарга бүр болохгүй бол 50-60 төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрөх хандлагатай байгаа.
Энүүхэндээ гэхэд нефть импортлогч монополиуд О.Магнай даргын хувьд ёстой л толгойны өвчин болсоор удаж буй. Удаж байгаа учир нь эдгээр том компанийн улсад төлөх ёстой 17 тэрбум төгрөгийн асуудалд ШӨХТГ-ын залуухан дарга эхнээсээ л бууж өгөх бодолгүйгээ мэдэгдэж Монголын хэрэглэгчдээс “онц” үнэлгээ салгасан билээ.
Гэхдээ сүүлийн үед О.Магнай даргын дууны хүч жаахан сулраад урьдын жавхаатай түргэн хөдөлгөөнийх нь эрчим удаашраад байгаа нь анзаарагдаад эхэллээ.
Бизнес, улстөрийн хүрээнийхнээс олон дарамт, тулгалт ирж байгаа нь тодорхой.
Хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ “Том ажил хийх гэхээр том дарамттай тулгарч байна. Ер нь аягүй хэцүү зүйл их байна. Өнөөдөр хэрэглэгчдийг хохироож байгаа булхай луйвар бүгдийн ард том улстөрчид сууж байгаа болохоор асуудлууд их хүнд байна. Гэхдээ болгож бүтээхийн төлөө зүтгэнэ” гэж байна лээ. О.Магнай дарга аа, танд хэцүү дарамт, шахалт бүр ч их ирнэ. Эрчээ сулруулж л болдоггүй юм шүү.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"