Өнгөрсөн сард болсон “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр иргэн Болдбаатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алт олборлогчид байгаль дэлхийг сүйтгэж байгааг, иргэн Оюунчимэг нийслэлийн хэрэглэгчдийн хүнсний ногоо тариалдаг талбайн ойр орчмын хөрсийг зам, барилгын материалын элс хайрга зөөдөг машинууд сийчиж, тоосоор булж байгааг тус тус шүүмжилсэн юм.Эдгээр санал шүүмжийн мөрөөр Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу дээрх асуудлуудаар хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОАЖГУУ-н хяналтын хэлтсийн дарга Н.Батбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын БОАЖГУУ-н хяналтын хэлтсийн дарга Ц.Нямдорж нар өнөөдөр Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.
МХЕГ-аас Сэлэнгэ аймгийн Ерөө болон Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын нутагт алтны хууль бус олборлолт явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Алт олборлогчид нөхөн сэргээлт хангалтгүй хийсэн, алтаа хуулийн дагуу тушаагаагүй зэрэг нийтлэг зөрчил тэнд давтагдсаар байна. Нийт 114 га газар эвдрэлд орсны 74,3 га-д л техникийн нөхөн сэргээлтийг ямар нэг хэмжээгээр хийсэн аж. Үүнээс гадна бодлогын түвшиндээ хууль зөрчсөн үйлдэл илэрснийг энэ удаагийн ажлын хэсэг тодруулжээ. Тухайлбал, алт олборлогчидтой гэрээ хийх тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж нь зарим хууль зөрчсөн, иймд захирамжийн дагуу хийсэн гэрээ зөрчилтэй зэрэг асуудал үүсчээ. Мөн хариуцсан яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл нь хуульд тодорхой заагдсан эрх биш тул маргаантай байна гэж шалгалтын баг үзжээ. Өөр нэг асуудал гэвэл, хувиараа ашигт малтмал олборлогчдыг нэгдсэн удирдлага дор оруулсан ХАМО ХХК-д Засгийн газраас хөрөнгө гарган мөнгөн ус хэрэглэхгүй ажиллах цех нээж өгсөн ч энэ цехийн үйл ажиллагаанд алдаа дутагдал гарч байгааг ажлын хэсгийнхэн Ерөнхий сайдад дуулгалаа.
НМХГ-аас нийслэл орчим дахь Туул голын энгийн хамгаалалтын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид эвдрэлд оруулсан газартаа нөхөн сэргээлт хийсэн эсэх, тэдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцалбал нийслэлийн зам засвар, барилга бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай элс, хайрга, дайрганы түүхий эдийн нөөцийг хаанаас хангах, түүний тээвэрлэлтийг төмөр замаар шийдэх боломж бий эсэхийг тодруулах үүрэгтэй ажилласан. Улаанбаатар хотод элс, хайрга, дайрганы хайгуул, ашиглалтын 206 тусгай зөвшөөрөл олгогдсоноос суурьшлын бүс, Туул голын ус хураах талбай, энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хил дотор тусгай зөвшөөрөлтэй 74 аж ахуйн нэгж байгаа юм. Харин түгээмэл тархацтай ашигт малтмал, тэр дундаа элсний нөөцийн голлох хувь нь хамгаалалтын бүс дотор байдаг учир тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд шинээр зөвшөөрөл олгох боломжгүй, мөн нөхөн олговрын асуудал тавигдах аж. Мөн авто замын тээвэрлэлтээс үүссэн тоос шороог багасгах, үүний тулд төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлэх боломжийн талаар ажлын хэсэг судлан үзжээ. Сонгино-Сонсголон өртөөний 17 км замыг ашиглалтад оруулахад 1,3 тэрбум төгрөгийн төсөв шаардагдана, үүний дээр ачиж буулгах зам ашиглалтад оруулах зардлын тооцоо хийгдээгүй байна. Түүнчлэн, тухайн ордоос төмөр замын ачих талбай хүртэлх 35 км зайд хүнд даацын машин явах тусгай зориулалтын зам тавих шаардлагатай гэж шалгалтын баг дүгнэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.