logo
“Мантууш”-ийн маапаан-3

“Мантууш”-ийн маапаан-3

2012/11/13

Зайсангийн амыг зөв­шөө­рөл­гүй барилгаар дүүр­гэж, хууль хянал­тынх­наас бултаж ирсэн “Мантууш” компанийн талаар баримт, мэдээл­лийг бид цувралаар хүр­гэж байгаа билээ. Хэ­дий­гээр хууль бус ч гэсэн асар их бүтээн байгуулалт хийж ирсэн энэ компани татвар төлөлтөөр улсын халаасанд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн болов уу гэж таамаглаж байна. Энэ удаагийн сур­валжлагаа Сүхбаатар дүүр­гийн тат­варын хэлт­сээс үргэлж­лүү­лэхээр шийдлээ.

 

Мантуушийн барьсанГрийн Виллахотхонд хөрөнгөтэй эрхмүүдийн түрүүч уралдаж орсон юм гэдэг. 

Учир нь тус компани 2007 онд Сүхбаатар дүүр­гийн татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүл­сэн байдаг. Гэтэл хуулийг гууль болгож, Зайсанг залгисан тэднийг улсад ердөө хоёрхон удаа татвар төлсөн гэлцдэг юм билээ. Энэ ч яахав, ам дамжсан яриа, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ч олон удаа гарсан. Гол нь албаны эх сурвалжуудын байр суурь чухал.

Энэ тухайгаа Сүхбаатар дүүргийн татварын газрынханд хэлж, хэчнээн хэмжээний татвар төлснийг асуухад “Аль нэгэн компанийн татварын талаар мэдээлэл өгөх хуулиар хориотой” гээд халгаасангүй. Байцаагч нар нь “Даргатай уулз” гээд хөдөлсөнгүй. Даргатай нь уулзахаар хууль дүрэм таниулж, “хад мөргүүлэх” юм. Сүхбаатар дүүргийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Г.Гансүхийн тайлбарласнаар бол Татварын хуульд “Татвар төлөгчийн нууц”-ын талаар мэдээлэл өгөхийг хориглоно гэсэн заалттай гэнэ.

“Ямар хэмжээний татвар төлсөн талаар тоо авах гээгүй зүгээр л татвар төлсөн эсэхийг мэдэж болох уу” гэхэд “Хуульд татварын нууц гэснээс ялгамжилсан заалт байхгүй шүү дээ. Иймээс ямар нэгэн мэдээлэл өгвөл би буруудана. Харин шүүх, прокурор, цагдаа, мөрдөн байцаах газрын зөвшөөрлөөр бол өгдөг юм” гэв. Түүнээс өөр арга замгүй гэнэ. Мөн тухайн компаниас нь манай тухай мэдээлэл энэ хүнд өгч болно гэсэн албан бичиг, тодорхойлолт авчирвал болдог аж.

Сөүл вин”, “Роял Кэстл”-ийнхний 401 дүгээр нэгдсэн хорих ангийн хашаанд тулган барьж буй маргаашийн хотхон 

Үүнээс үндэслээд бодвол аливаа хуулийн бүдүүвчилсэн ерөнхий заалт төрийн байгууллагад байдаг хүнд суртлын эхийг тавьж өгдөг юм байна. Хуулийн цоорхой гэгч энэ байх. Тэгэхээр аль нэгэн газрын татварын мэдээл­лийг олох гэсэн хүн өөрөө шүүхээр шийтгүүлж, цагдаад баригдаж байж л зорилгоо хагас дутуу биелүүлэх магадлалтай гэсэн үг. “Мантууш”-ийн татвар төлөлттэй холбоо­той мэдээллийн эрэл ийн­хүү мухардав. Хууль нь тийм тээг тавьж, ажилт­нууд нь түүнийг сүрхий ашигладаг юм шиг байна.

Бид одоо ажиллаж байгаа бус аль эрт дампуурсан компанийн татварын мэдээллийг олох гэсэн юм шүү дээ, уг нь. “Мантууш” компани өнгөрсөн жилээс татвар төлөхөө албан ёсоор больж, дампуурлаа зарлан төрөл арилжсан. Одоо “Мантууш”-ийн биеэ хэд хувааж төрүүлсэн хүүхдүүд буюу охин компаниуд нь Зайсанд барилга барьж байгаа. Өөрөөр хэлбэл, залгамж халаа нь болсон 3-4 компани хууль бусаар өөрийн болгосон газартаа мөн л хууль бусаар хотхон “үйлдвэрлэж” байна. Төрөл арилжсан компани хийгээд түүний үр төл гэх компаниуд татвараа хэрхэн төлдгийг мэдэх гэсэн маань иймэрхүү байдлаар төгссөн ч бид эрэн сурвалжлах болно

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш