logo
БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна

2012/11/16
Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
            Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийнэ. Мөн зарим салбарын сайдууд  БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-т бараалхах юм. Түүнчлэн БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочилж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн  Мэдээллийн технологийн сургууль, Улсын Төв номын сан зэрэг газруудтай танилцана.
            1948 оны 10 дугаар сарын 15-нд хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг 1998 онд байгуулагдсан бөгөөд БНАСАУ-ын Ардын Дээд Хурал дахь Солонгос, Монголын найрамдлын дарга Ким Ван Сү тэргүүтэй төлөөлөгчид 2007 онд манай улсад айлчилжээ.  Пхеньянд жил бүр зохиогддог “4 дүгээр сарын хаврын баяр”-т манай улс 1986 оноос хойш тасралтгүй оролцож байна. Түүнчлэн Найрамдлын нийгэмлэгүүдийн хооронд төлөөлөгчид солилцоо тогтмолжиж 2005 онд БНАСАУ-ын Сангийн сайд бөгөөд Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Пак Бон Ил Монголд айлчилсан байна.
        2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт  сонгогдон ажиллаж байна
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш