Баянзүрх дүүргийн XXII хороо, Монелын эцсийн задгайд машин шатжээ. Уг дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа ажилласан байна. Аврагчдыг тухайн газарт очиход “ЗМЗ” компанийн 57-95 УНУ улсын дугаартай “F-2000” маркийн том оврын 20 тонны ачааны автомашин шороо буулгасан тэвшээ хураалгүйгээр хөдлөснөөс болж осол гаргасан аж.
Тодруулбал, машины тэвш 10000 вольтын хүчдэлтэй цахилгааны агаарын шугамд хүрч жолооч 42 настай Т нь цахилгаан хүчдэлд цохиулан нас баржээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач машины төмөр хийцэд наалдсан байдалтай байсан гэнэ. Осол гарсан даруйд тухайн байгууллагын ажилчид машины төмөр хийцээс талийгаачийг салгаж холдуулсан аж.
“ЗМЗ” компани нь зам гүүрийн ажил явуулдаг гэх. Хэргийн газарт Яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзлэг хийхэд, хохирогчийг нас барсныг тогтоож цогцосыг цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
А.Лхагва
Эх сурвалж: "Нийгмийн Толь"