Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгнө. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын “11 11 төв”-д сүүлийн өдрүүдэд цахим үнэмлэх олголтын талаар лавлагаа хүссэн иргэд олонтаа холбогдсон юм. Иймд цахим үнэмлэх олголтын ажил хариуцсан нэгж дээрээ хэрхэн явагдаж байгаатай биечлэн танилцаж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа эсэхийг лавлахаар нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажиллалаа.
Сонгинохайрхан дүүрэг 257140 хүн амтайгаас сонгуулийн насны 183323 иргэн байна. Өнөөдрийн байдлаар 185862 ширхэг иргэний цахим үнэмлэхийг хэвлэлтээс татан авч, 180597 ширхэгийг нь иргэдэд хүргэжээ. Цахим үнэмлэхийн тараалт 97,17%-тай байна. Хороодод тараагдаагүй 5265 иргэний цахим үнэмлэх үлдсэнба үүний 3805 хүн ямар нэг хүндэтгэх шалтгаантай аж. Тодруулбал, хаягандаа оршин суудаггүй буюу эзэнгүй 3356, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа 389, хугацаат цэргийн апбанд 29, хорих ангид ял эдэлж байгаа 31 иргэн цахим үнэмлэхээ аваагүй байна. Үлдсэн 1460 иргэний үнэмлэхийг маргааш, нөгөөдөр хороодоор дамжуулан олгох шуурхай арга хэмжээ авч ажиллах болно гэж СХД-ийн Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Салдатхан танилцууллаа.
Тус дүүрэг 32 хороо, 62820 өрхтэй. Дүүргийн сонгуулийн 80 хэсгийн хороонд бүртгэлийн байгууллагын 157 итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн өдөр ажиллах юм. Итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад 100 хувь хамруулж, сонгогчийн нэрийн жагсаалт, мэдээлэл бүхий компьютеруудыг сонгуулийн 80 хэсгийн хороонд бүрэн хүлээлгэн өгчээ.
Уулзалтад УБЕГ-ынхан байлцаж, цахим үнэмлэх тараалтыг явц улсын хэмжээнд ямар байгааг Ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд1862512 сонгогчийн 1815596 нь буюу 97,5 хувь нь иргэний цахим үнэмлэхээ гар дээрээ авсан байна.Үүнээс нийслэлд 791140 иргэн авсан нь 96,4 хувьтай дүн юм. Харин орон нутагт 1024456 иргэн буюу сонгуулийн насны орон нутгийн нийт иргэдийн 98,5 хувь нь үнэмлэхээ авчээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн өдрүүдэд цахим үнэмлэх олголттой холбоотой шүүмж цөөнгүй цацагдсаныг Ерөнхий сайд онцолж, иргэдийг төөрөгдүүлж болох ийм асуудлуудад албан ёсны мэдээлэл өгөхийг УБЕГ-ын удирдлагуудаас хүссэн юм. УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийн мэдэгдсэнээр өнөөдрийн байдлаар цахим үнэмлэх олголттой холбогдуулан улсын хэмжээнд ямар нэг гомдол, санал шүүмжийг улс төрийн намууд болон иргэдийн зүгээс албан ёсоор гаргаагүй аж. Харин иргэдийн зүгээс цахим үнэмлэхийн зургаа солих хүсэлт цөөнгүй ирүүлдгийг тэд онцолж байв. Үнэмлэхийн зургаа солих боломжтой ба орон нутгийн сонгуулийн дараа харъяа хороондоо очиж, зургаа шинэчлүүлж болохыг УБЕГ-аас иргэдэд дуулгалаа.
Сонгуулийн бэлтгэлийн үндсэн хэсгийн нэг болох иргэний цахим үнэмлэх олголтын ажлыг хариуцлагатай явуулах, сонгогчийн сонгох эрхийг хязгаарлахгүйн тулд шаардлагатай гэж үзвэл сонгуулийн өдөр ч иргэд дүүрэг, хороогоороо дамжуулан үнэмлэхээ авах зохион байгуулалт хийхийг Засгийн газрын тэргүүн УБЕГ-ын удирдлагуудад даалгалаа.
Орон нутгийн сонгуулийн өдрийг дуустал цахим үнэмлэх олгох тул цахим үнэмлэхээ аваагүй иргэд оршин суугаа хороо, сумынхаа иргэний бүртгэлийн нэгжид хандан авахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.