logo
БНСУ-ын Соёлын сангийн ерөнхийлөгчийг хүлээж авч уулзав

БНСУ-ын Соёлын сангийн ерөнхийлөгчийг хүлээж авч уулзав

2012/11/21
УИХ-ын дарга З.Энхболд /2012.11.20/ БНСУ-ын Соёлын сангийн ерөнхийлөгч бөгөөд дарга Бо Хи Пак тэргүүтэй зочдыг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Бо Хи Пак БНСУ-ын Үндэсний чуулгын 50 жилийн ойн тоглолтын дүрс бичлэг, зурагт хуудас бүхий номыг УИХ-ын даргад дурсгал болгон гардуулав . Тэрбээр “Үндэсний хүүхдийн чуулгын тоглолтыг УИХ-ын дарга З.Энхболд  парламентын гишүүн байх үедээ үзэж, хүүхдүүдэд дурсгалын зүйл гардуулж байсныг тод санаж байна” гэлээ. Улмаар дэлхийд танигдсан хүүхдийн чуулга ирэх жил 50 гаруй улс оронд тогтлолт хийхээр төлөвлөж байгааг УИХ-ын даргад дуулгалаа. Түүнчлэн ирэх жил Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсад ирж тоглолт хийх боломжтой гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Чингис хааны төрсөн өдрийг жил бүр тэмдэглэж байх хууль гаргасан. Үүний дагуу Монгол Улс энэ сарын 14-нд анх удаа Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Ирэх жилүүдэд чуулганы тоглолтоос гадна ноён Бо Хи Пак та манай улсад ирж олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих боломжтой” гэлээ.
БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч албан тушаалдаа 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр томилогдох юм байна. Энэ өдрөөс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 23-нд БНСУ-д зохиогдох олон улсын төрийн тэргүүнүүд оролцох симпозиумд УИХ-ын даргыг мөн урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш