logo
Дундговийн Сонгуулийн хороо хуулиа биелүүлснийхээ төлөө шахалтанд орсон уу...

Дундговийн Сонгуулийн хороо хуулиа биелүүлснийхээ төлөө шахалтанд орсон уу...

2012/11/24
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн албан ёсны дүн гараагүй байна. Намууд өөр өөрийн өнцгөөр ялснаа зарлаж байгаа ч Сонгуулийн Ерөнхий Хороо дүлий мэт. Энэ завсар зарим нэг тойргуудад өрнөөд байсан маргаантай асуудлууд цэгцрэх шатандаа орж байгаа аж. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ-д нэр дэвшсэн хуучин засаг дарга асан Д.Чандмань нарын таван нэр дэвшигч бурхан шашны билэгдлийг сонгуулийн сурталчилгаандаа удаа дараа ашиглан, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс Дундговь аймгийн Сонгуулийн хорооноос тэдгээр нэр дэвшигчдийг шүүхийн шийдвэрийн дагуу нэрийг нь татсанаа мэдэгдсэн байна. Ингэснээр Дундговь аймгийн МАН ИТХ-д 15 суудалтай, Ардчилсан нам нь 18, МАХН 2 суудалтайгаар орон нутгийн парламентаа байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Нэрээ татуулсан эрхмүүдэд АН-аас нэг буюу Хулд сумаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Баасанхүү, МАН-аас нэр дэвшиж, ялсан аймгийн засаг дарга асан Д.Чандманиас гадна Сайнцагаан сумаас нэр дэвшигч Ж.Мөнхчулуун, С.Буджав, Говь-Угтаал сумаас нэр дэвшигч Б.Доржсүмбэр нар байгаа аж.
Хуулийн байгууллагуудыг нэг талд үйлчилдэг шударга бус, алвилгад идэгдсэн хэмээн цоллогдох болсон энэ үед Дундговь аймгийн Шүүх, прокурор хууль дүрмээ барьж ажилладаг гэдгээ нотлон харуулсан бол Сонгуулийн хороо ч аль нэг талд үйлчилдэггүй, шударга ажиллаж, бодитой шйидвэр гаргаж чадаж байгаад Дундговьчууд ихээхэн талархалтай хандаж байна. Харин хуулийнхан, Сонгуулийн хорооныхны энэхүү хуулийн дагуух шийдвэрийг эсэргүүцэж, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэнгүй гэж гомдож, эсэргүүцэж буй МАН-ынхан аймгийн төв талбайдаа жагсаж, тугаа намируулан, ард түмнээ доромжилж явна. Яг үнэндээ нэрээ татуулсан эрхмүүдэд Монгол улсын хууль, АСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчихгүй, ягштал биелүүлэх эрх, үүрэг нь нээлттэй байсан. Гэтэл хар тамхи шиг нөлөөлдөг шашнаар фон хийн ард иргэдийн саналыг өөртөө татах зорилго агуулж, хууль зөрччихөөд ард түмэн биднийг сонгосон хэмээж байгаа нь хэр үнэнд нийцэх нь эргэлзээтэй юм. Ер нь МАН-ынхны хийж буй үйлдээс харахад сүүлийн 22 жил хууль хэрэгжиж, биелэгдэж байсан эсэхэд эрэглзэхэд хүргэж байгаа аж. 
Ш.Булга
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш