logo
Сэтгэгдэл үлдээснээс болж баривчлагджээ

Сэтгэгдэл үлдээснээс болж баривчлагджээ

2012/11/26
Шахеен Дада хэмээх энэтхэг бүсгүй өнгөрсөн даваа гаригт Facebook-т үлдээсэн комментоосоо болж баривчлагджээ.  Тэрээр нөлөө бүхий улстөрчийн үхлээс болж Мумбай хотыг хаасныг эсэргүүцэж, Facebook-т коммент бичсэн аж. Энэхтхэгийн Шив Сена намыг үндэслэгч, Хинду үндэстний улс төрч Бал Такерэйн гэнэтийн үхлээс болж Мумбай хотын албан газар, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох болсноос үүдэн тэрээр Facebook хуудсандаа “Өдөр болгон Такерэй шиг хүмүүс төрж, үхэж байдаг. Гэвч үүний төлөө хотыг хаах ямар хэрэгтэй юм бэ?” гэж бичжээ. Түүний комментод “like” дарсан найз нь ч бас баривчлагджээ. Гэвч тэднийг комментынхоо төлөө уучлал гуйсны дараа батлан даалтад гаргасан байна. Сүүлийн үед Мумбай хотод хэвлэлийн эрх чөлөөг дээдлэхийг шаардсан эсэргүүцэгчдийг баривчлах тохиолдол байнга гарах болсон гэнэ.

Батлан даалтад гарсныхаа дараа Шахеен Дада “Би баривчлагдсандаа уурлаж, гомдоогүй. Гэхдээ ийм явдал болно гэж бодоогүй болохоор их цочирдсон. Тиймээс өөрийнхөө бас гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө уучлал гуйхаас өөр аргагүйд хүрсэн” гэжээ.

Мумбай хотын цагдаа нар бүсгүйг “нийгмийн бүлгийн хооронд дайсагналцсан, үзэн ядсан суртал ухуулга явуулсан” гэж буруутган баривчилсан байна.  Facebook-ийн комментоос болж жирийн хүнийг баривчилсан нь Энэтхэгчүүдийн эгдүүцэл дургүйцлийг төрүүлж байгаа бөгөөд Энэтхэгийн харилцаа холбооны яамны сайд нь энэ хэргийн төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.

Н.Энхтуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш