logo
Хакухо их аварга 23 дахь түрүүгээ хүртлээ

Хакухо их аварга 23 дахь түрүүгээ хүртлээ

2012/11/26
Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд гадаадын бөхчүүдээс гурван их аварга төрсөн нь Монголын сүмочид болох Их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж нар билээ.

Тэгвэл мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал энэ сарын Кюүшю башёд түрүүлж, японы эзэн хааны цомыг 23 дахь удаагаа гардан авлаа.

Тэрбээр энэ башёд 10 дарааллан давж, өнгөтэй сайхан барилдаж байсан ч башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Болгар сүмоч Котоошюд харамсалтайгаар өвдөг шороодсон юм. Хэдий нэг унаатай байсан ч түрүүлэх бөхийн тоонд явсаар байсан их аварга маань тэмцээний эцсийн мөчид 23 дахь түрүүгээ авч их аварга цолоо бататгалаа.

Харин мэргэжлийн сүмод хоёр башё дараалан босоо байж, улмаар 70 дахь их аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн Харүмофүжи Д.Бямбадоржийн хувьд сүүлийн өдөр их аварга М.Даваажаргалтай барилдан өвдөг шороодсоноор есөн даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүлсэн.

Макүүчи буюу мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж буй бусад Монгол сүмочдийн хувьд озеки Какүрюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Шотэнро Д.Нямсүрэн 5-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8 гэсэн үзүүлэлтүүдийг үзүүллээ.

Т.Сэдэд
Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш