Хилийн цэргийн байлдагч даргынхаа гэрт нүүрс буулгаж байгаад амь насаа алдсан золгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байлдагч ... гэгч машинаас нүүрс буулгах гэж байгаад чиргүүлд дайруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр машинаас чиргүүлийг салгах явцад чиргүүл нь өнхөрч, байлдагч машин чиргүүлийн завсарт хавчуулагдаж нас барсан байна. Хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Хамгийн гол нь, өнгөрсөн сарын 18-нд ХХЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон хошууч генерал С.Гүржав Дорноговь аймаг дахь Улаан уулын отрядад ажиллаж, хяналт шалгалт хийгээд ирсэн юм. Гэтэл түүнийг буцаж ирээд хэдхэн хонож байхад нь эл хэрэг гарчээ.
Ер нь цэрэг, цагдаа, онцгой байдал, Шүүхийн шийдвэр зэрэг байгууллагын дарга нар алба хаагчдаа ажлын бус цагаар хувийнхаа ажлыг хийлгэх явдал түгээмэл гардаг. Өнгөрсөн сард гэхэд л ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Батмөнх байгууллагынхаа албан хаагчдыг хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас болж нэг албан хаагч хүнд гэмтсэн байдаг. Улмаар ОБЕГ-ын даргын шийдвэрээр алба хаагчдаар хувийнхаа ажлыг хийлгэсэн А.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тэгвэл хилийн цэргийн 0129 дүгээр ангид үүссэн нөхцөл байдлын улмаас нэг байлдагч нас барлаа. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд ажлын хариуцлага алдаж, байлдагчаа амь насаар нь хохироосон тус ангийн нэр бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох биз ээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"