logo
Барилгын ажил улирал харгалзахгүй хийгддэг болсон уу

Барилгын ажил улирал харгалзахгүй хийгддэг болсон уу

2012/11/27
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн улиралд барилгын ажил “О” зогсолт хийдэг. Энэ нь ч өнөөх стандарт дүрэм журамтай холбоотой. Хүйтний улиралд баригдсан барилга ямар олигтой л болов гэж.

О хэмээс доош хүйтэрсэн тохиолдолд барилгын суурь болоод краказыг цутгаж болдоггүй гэлцдэг. Бүүр цаашлаад дотоод засал ч хийх хориотой. Гэтэл манай барилгачид цаг агаарыг үл харгалзан барилгаа сүндэрлүүлсээр. Бүүр -30 хэм хүрчихээд байхад барилгын гаднах өнгөлгөөг хийгээд зогсч байх жишээтэй.

Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн замын эсрэг талын барилгад засварын ажил ид өрнөж байна. Үүнийг харсан иргэд “Энэ хүйтэнд барилгын ажил хийж болдог хэрэг үү. Өнгөлгөө нь тэгээд тогтож байгаа юм болов уу. Дулаарахаар хагарч бутарч унаад ирнэ биз дээ” хэмээнэ.

Иргэдийн үг үнэний ортой. Хэзээ байтлаа бид хахир өвлийн хүйтэнд их засварын ажил хийдэг байлаа. Адаглаад тус барилгад ажиллаж буй иргэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нь илт. Тэд хамгаалалтын малгай, бүс хэрэглэсэн ч хэрвээ бэхэлгээний олс зэрэг нь тасарвал яах уу. Хотын мээр барилгын компаниудтай нэгийгээ үзэхээ нэг бус удаа мэдээлж байсан цаг саяхан. Тэр ч байтугай зөвшөөрөлгүй барилгын эздийг илчилж “нураана” хэмээн сүрдүүлж байсныг тодхон санаж байна.

Эл шийдвэр хэрэгжиж амжаагүй байхад шил шилээ дарсан барилгын осол гарч хэд хэдэн хүн хорвоог орхисон. Энэ мэт хууль дүрэм зөрчиж хувийн ашиг сонирхлоор барилгын ажлыг улирал харгалзахгүй хийдэг газрууд бийг хотын мээрийн чихэнд ховлое.

Зарим иргэдийн хэлж буйгаар дээр дурьдагдсан барилгад өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд осол гарч нэг хүн нас баржээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач барилгын долоон давхарт ажиллаж байгаад доош унаж амиа алдсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр эл барилга “Юми” гэх компанийн эзэмшлийнх аж. Осол гарсан даруйд барилгын ажлыг түр зогсоож хэд хоногийн турш хаалгыг нь бариулсан. Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэгчээр дахин барилгын ажил өрнөж өвлийн хүйтнийг үл харгалзан ажиллаж байгааг юу гэх вэ.

Б.Чанцал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш