Шинэчлэлийн Засгийн газрын 100 дахь хоногийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа, мөн ирэх дөрвөн жилд төлөвлөсөн зорилтоо олон нийтэд танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай зангиагүй уулзалт хийлээ. Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн ирж, ажлын бус орчинд Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо солилцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Шинэчлэлийн Засгийн газар ажлынхаа алдаа оноог та бүхнээр дамжуулан дэнсэлж байх болно. Иймд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох, үр дүнтэй санал шүүмж хүлээн авах, шийдэл эрэлхийлж, гарц гаргалгаа дэвшүүлсэн зөвлөмж дүгнэлтийг санал болгох гол суваг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаасай гэж хүсч байна” гэлээ.
Харин Шадар сайд Д.Тэрбишдагва “Шинэчлэлийн Засгийн газар бол хариуцлагын Засгийн газар юм шүү. Төрийн байгууллагын хариуцлагыг Засгийн газрын гишүүд өөрсдөө үлгэрлэн өндөржүүлж, ажлын цагаа сунгаж, илүү бүтээлчээр ажиллаж байгаа. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бид шинэлэг олон ажлын ард гарсны зэрэгцээ ирэх дөрвөн жилийн том том бодлогоо тодорхойлж амжсан. Засаг хийх, хэрэгжүүлэх эрчимтэй ажилдаа ханцуй шамлан орж байна. Та бүхэн дөрөвдөгч засаглалын үүргээ сайн гүйцэтгээрэй” гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.