Энэ үеэр Цагаачлалын албаны дарга Ли Чан Сэ-тэй уулзахдаа хоёр орны Засгийн газар хооронд визийн нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулж өнгөрөгч сарын 26-наас эхлэн мөрдөж эхэлснийг тэмдэглэн хэлжээ. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн өнгөрсөн нэг сарын хугацаанд зарим анхаарууштай асуудал гарч байгааг тэмдэглэн хэлжээ. Тухайлбал, Монгол Улсын иргэд БНСУ-ын виз мэдүүлэхэд тодорхой хэмжээний мөнгийг банкинд байршуулах буюу барьцаа мөнгө шаардаж байгаа нь визийн нөхцөлийг хөнгөвчлөх гэсэн хэлэлцээрийн зорилгод харшилж байна гэв. Тиймээс энэхүү журмаа хянаж, илүү таатай нөхцөл олгохыг хүсчээ.
Харин Солонгосын тал асуудлыг судлан үзэж, улмаар хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд санал солилцон асуудлыг аль болох талуудад таатай хэлбэрээр зохицуулахын төлөө ажиллахаар болов. Түүнчлэн сайд Л.Болд хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байдгийг дурьджээ.
Мөн гадаадын иргэдийг түр саатуулах газарт Монгол Улсын иргэн нас барсантай холбогдуулан талийгаачийн ар гэрийнхнээс гаргасан гомдол, хүсэлтийг анхааралдаа авч шийдвэрлэхийг хүсчээ.
Эх сурвалж: "Нийгмийн Толь"