Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ сарын 28-нд хуралдаж дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд дахин санал хураалт явуулахад дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ, дүнгээс үзэхэд Аймгийн нийт сонгогчийн 58.71 хувь, Нийслэлийн дүүргүүдийн нийт сонгогчийн 45.63 хувь сонгуульд оролцжээ. Нийслэлийн дүүргүүдийн зарим Сонгуулийн тойргийн хорооноос санал хураалт нь хүчингүй болсон хэсгийн дахин санал хураалтыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны баасан гарагт буюу ажлын өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулж Нийслэлийн зарим дүүргүүдийн санал авах хэсэгт дахин хураалт явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдээс зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарснаар 2012 оны 11 сарын 30-ны баасан гараг буюу дахин санал хураалт явуулах өдөр дүүргүүдийн ИТХ-ын дахин санал хураалт явагдах хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод 08.00-14.00 цагийн хооронд чөлөө олгохыг төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, бүх ажил олгогч нарт даалгалаа. Энэ тогтоол гарснаар дахин санал өгөх иргэд өглөө заавал ажилдаа очин цагаа бүртгүүлэхгүйгээр 08:00-14:00 цагийн хооронд багтаж саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Дахин санал хураалтад оролцсон сонгогчид санал өгсөн тасалбараа ажил олгогчдоо өгч чөлөөгөө баталгаажуулах юм. Тойргийн хэсгийн хороодоос ирүүлсэн албан бус мэдээгээр, Баянзүрх дүүрэгт 79-52, Баянгол дүүрэгт 54-23, Сонгино-Хайрхан дүүрэгт 80-32, Сүхбаатар дүүрэгт 41-13, Хан-Уул дүүрэгт 37-7, Чингэлтэй дүүрэгт 43-22 хэсгийн хороодод дахин санал хураалт явуулах бөгөөд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу дахин ирц харгалзахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.