Долоон аймгийн 16 суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын онцгой комиссийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирэхийг хүлээлгүй санаачилгатай, шуурхай ажиллахыг үүрэг болгосон. Мөн цасанд дарагдсан зам давааг нээх, комиссийн гишүүд өөрсдөө өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад ажиллах, ажлын төлөвлөгөө гарган танилцуулахыг даалгасан юм.
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Улсын онцгой комиссийн ажлын албаныхан яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргаж, зарим ажлыг эхлүүлснээ өнөөдөр танилцууллаа.
Орон нутагт нийт 49 цэгт шуурхай ажлын хэсэг байгуулан зам давааг нээж эхэлжээ. Архангай аймгийн Цагаан даваа, Завханы Загастайн даваа хаагдсан байсныг өнөөдрөөс нээж, зам давааны замыг байнга чөлөөтэй байлгах үүргийг Онцгой байдлын Ерөнхий газар, Авто замын газрын удирдлагуудад үүрэг болгожээ. Цагийн байдал хүндэрсэн нөхцөлд Цэргийн анги нэгтгэлүүдээс туулах чадвар сайтай автомашинуудыг ажиллуулах бэлэн байдлыг хангуулсан байна.
Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгийн малчдад тухайн аймгийн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвс тэжээлээс бэлтгэсэн үнээр нь хүргэж өгөх ажлыг өнөөдрөөс эхлүүлснээ Онцгой комиссийнхон танилцуулсан байна.
Гамшигийн нөхцөл байдлыг арилгуулах, малчдыг нүүлгэн шилжүүлэх, улсын нөөцийн өвс тэжээлийг малчдад хүргэх зэрэг ажлыг зохион байгуулахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас сумдад томилолтоор ажиллахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.