Ямартай ч тус нутгийн уугуул иргэд болох Л.Энхболд, Д.Мөнхбат нар эрхэм даргаа Аудитын газар болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт шалгуулахаар гомдол гаргаж байсан билээ. Тэдний тодотгосноор “Засаг дарга Б.Бадраа нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн тул шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байв.
Зүй нь Б.Бадраа дарга 2009, 2010 онд арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан юм байх. Иргэдийн хэлж буйгаар “Хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний, өндөр үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс санхүүгийн дээрх ноцтой зөрчлийг нь шалгаж өгөөч.
Төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргасан нь дэндүү хууль зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна түүнд маш олон “но” бий” хэмээн өргөдөлдөө уламжилсан харагдсан. Түүнчлэн эрхэм дарга гуай хувийн компаниараа Хүрмэн сумын сургуулийн дээврийг ямар ч тендер зарлахгүйгээр хийлгэсэн гэх маргаанд нэр хавчуулагдаж байсныг санаж байна.
Мөн орон нутгийн өмчит жижиг Тавантолгойн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гээд түүнд хаяглагдах “хэрүүлийн алим” мундахгүй олон бий. Гэхдээ энэ бүхнийг шүүхийн байгууллагаас хянаж цэгцлэн, эцэслэсэн нь цөөн болов уу. Харин улираан томилогдсон дараагийн эрхэм бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг юм. Тэрбээр мөн л өнгөрсөнд хэвлэлийн хуудаснаас салаагүй нөхөр.
Сайн, муугаараа хэлүүлж ёстой л баруун, солгойгүй үйлдэл бүхнээ цэгнүүлсэн гэхэд болно. Намынхаа жагсаалтад 20 орчимд жагсаад, таслуулсан эрхэм дарга гуай өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тус аймгийн төрийн албан хаагчдын 70 шахам хувийг халж, сольсон гээд түүнд хаяглагдах таагүй мэдээ олонтаа бий. Мөн Замын-Үүдийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартайгаа нийлж, газрын наймаа хийсэн болон хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэргээр шалгагдаад арай гэж нэг юм салсныг уншигч олон мэдэж байгаа болов уу.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханг, Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг томилсон байна. Энэ хоёр эрхмийн тухайд, харьцангуй нэр цэвэр улстөрчид юм. Д.Цэвээнравдан нь 1990 оны цагаан морин жилийн ардчиллын хөдөлгөөнд анхдагч болон оролцож байсан. 22 жил тасралтгүй сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,тэргүүлэгчээр ажиллаж байжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг томилохыг дэмжсэн мэдээтэй байна. Цаашлаад, Хөвсгөл, Дорнод аймгууд Засаг даргаар томилох хүнээ зөвшилцөхөөр ирүүлсэн гэнэ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболд, Дорнодын засгаар М.Бадамсүрэнг нэр дэвшүүлээд байгаа аж. Л.Ганболдын тухайд, “Лидер Кашмер” группын захирал аж.
Аймагтаа аялал жуулчлал, ноолуур боловсруулах бизнес эрхэлдэг. Тэрбээр тус аймгаас гурван ч удаа парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай өрсөлдөж, 24:17 гэсэн харьцаатайгаар ялсан байна.
О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”