Эдийн засгийн интеграци гэдэг залийн дор Зөвлөлт Холбоот Улсын шинэ хувилбарыг Орос бий болгохоос АНУ сэргийлэхийг хичээж байна гэж Пүрэв гарагт Хиллари Клинтон анхаарууллаа.АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Дублинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Оросын албан тушаалт нэгтэн Сергей Лавровтай уулзахын өмнөхөн “Бүс нутгийг дахин Зөвлөлтжүүлэх алхам хийгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “Энэ талаар алдаа гаргахгүй байцгаая. Бид үүний зорилго юу вэ гэдгийг мэдэж байгаа, үүнийг удаашруулах юмуу үүнээс сэргийлэх аргуудыг бодож олохыг хичээж байна. Бүс нутгийн ноёрхол тогтоох оролдлогын үр дүнд хуучин Зөвлөлт Холбоот Улс даяар эсэргүүцлийг нухчин дарах шинэ компанит ажлууд явуулж байна” гэсэн бол Ерөнхийлөгч Владимир Путин 10-р сард нэгэн сонины нийтлэлд хуучин СССР-ын орнуудыг “Евразийн Холбоо” болж улс төр, эдийн засгийн хувьд илүү гүн нэгдэхийг уриалсан. Путин “ Ямар нэг хэлбэрээр ЗСБНХУ-г дахин байгуулах тухай яриа огт байхгүй. Өнгөрсөн үед орхисон зүйлийг дахин сэргээх юмуу хуулбарлавал гэнэн зүйл болно, харин шинэ үнэлэмж, бодлого, эдийн засаг дээр үндэслэсэн нягт интеграци бол хийх ёстой зүйл” хэмээн хэлсэн юм.
Гэвч энэ интеграцийн явц ахицгүй, арав гаруй жил эхлэх гэж будилсны эцэст Орос, Беларусь, Казакстан улсууд 2010 оны нэгдүгээр сард гаалийн холбоо байгуулснаар хилүүд дээр харилцан тариф, гаалийн хяналтгүй болгосон. 2012 оны 1-р сард энэ холбоог “эдийн засгийн нэгдсэн бүс” болгон хувиргаж, 165 сая хүнтэй нэгдсэн зах зээлд бараа, үйлчилгээ, хөрөнгө чөлөөт солилцоонд орох боломжтой болсон юм.Ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Клинтоны тайлбарыг “интеграци хийх чармайлтын талаарх огт буруу ойлголт” гэж тайлбарлаад “Хуучин ЗХУ-н нутаг дэвсгэр дээр болж байгаа үзэгдэл нь зөвхөн эдийн засгийн интеграцид суурилсан шинэ төрлийн интеграци. Өнөөгийн ертөнцөд өөр ямар ч төрлийн интеграци явагдах боломжгүй,” гэж хэлсэн юм.
Клинтон Кремлийн нөлөөний хүрээгээ тэлэх зүтгэлийг дарангуй хууль гарган Орос дотооддоо улс төрийн өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэлтэй хийж байгаатай холбон тайлбарлаж. Тус бүс нутгийн иргэний нийгмийн төлөөлтэй уулзах үедээ тэр: “Зөвлөлтийн үеэс хойших 20 жилийн дараа найдлага тавьж байсан дэвшлийн үзүүлэлтүүдийн маш олон нь ухарч байгаад сэтгэлээр унамаар... Бид үүнтэй тэмцэхийг хүсч байгаа ч маш хэцүү байна,” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: "Монцамэ"