1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын ардчилсан холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа С.Зоригийг сонгож, анхны цуглаанаа хийснээрМонголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. 23 жилийн тэртээх энэ өдөр эх оронд маань бадамлан ассан ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлэгсэд өнөөдөр Ардчиллын баярын хурал хийлээ.
Баярын хурлыг Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нээж, СТӨ-г дүүргэн цугласан ардчиллын анхдагчид, үе үеийн зүтгэлтнүүд, гишүүд дэмжигчиддээ, түүнчлэн ардчиллыг дэмжсэн нийт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлыг ”Сэрсэн тал” аялгуугаар нээсэн шиг 23 жилийн өмнөх энэ өдөр тэмцлийн бичиг гартаа барьсан залуус Монголын нийгмийг сэрээж байсныг тэрбээр үгийнхээ эхэнд онцлоод, ардчилал эрийн цээнд хүрлээ гэж манай ард түмэн итгэл хүлээлгэснийг тэмдэглэлээ. “Шинэчлэх зоригтой, гэгээн хүсэл мөрөөдөлтэй, эх орноо шилдэг улс болно гэж итгэдэг, зөвхөн урагшаа тэмүүлсэн 23 настай ардчиллыг ард түмэн маань дэмжин итгэл хүлээлгэснээр бид анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан УИХ-ын даргатай, ардчилсан Засгийн газартай, ардчилсан нийслэлтэй, ардчилсан олон аймагтай боллоо. Бид олуулаа боллоо. Гэхдээ шинэчлээрэй, бүтээгээрэй гэж дөрвөн жилийн хугацаатай бидэнд олгосон энэ эрх бол гавъяа шагнал биш үүрэг хариуцлага юм” гэж Ерөнхий сайд хэллээ.
Ямар ч улс оронд мартаж болохгүй түүх, үргэлж санах учиртай дурсамж, дандаа өгүүлж явах хэрэгтэй сургамж, хойч үе нь бадамлуулах ёстой бамбар гэж байдаг. Аливааг эхлүүлнэ гэдэг амаргүй байдаг жишгээр ардчилал эрийн цээнд хүртлээ оноо алдаа олныг амсч, унах бүртээ босох, уруудах бүртээ урагшлах сэтгэлийн тэнхээ олж байсныг АН-ын дарга мөн дурсаж, сургамж, амжилт бүхнийхээ дүнгээр өнөөдөр Монголын ардчилал дэлхий дахинаа үнэлэгдэн Азид ардчилал хөгжүүлсэн үлгэр жишээ улсаар нэрлэгдэж, НҮБ-д элссэн ардчилсан орнуудыг Монгол Улс даргалж байгааг бахархан хэллээ.
Баярын хурлын үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг Хан-Уул дүүргийн АН-ын дарга Ж.Ганхуяг, Өмнөговь аймгийн АН-ын дарга Б.Бадраа, Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг, Архангай аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан нарт Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”-г хүндэтгэн зүүж өглөө. Тэд орон нутгийн сонгуульд удаа дараа амжилт гаргасан юм.
Өнөөдрийн эрх чөлөөт Монгол Улсыг цогцлоон байгуулахад залуу нас, эрдэм ухаан, амь амьдралаа зориулсан хүмүүсийн үйл хэргийг эргэн дурсахаас гадна хойч үедээ түүнийг залгамжлуулахын тулд Ардчиллын баярыг жил бүр тэмдэглэдэг болсон. Баярын энэ өдөр ардчилсан үзэл баримтлалд нэгдэж буй олон иргэнд намын батлахыг нь АН-ын дарга Н.Алтанхуяг болон намын удирдлагууд гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.