Хурдацтай хөгжиж буй дэлхийн глобаль чиг хандлагыг харах юм бол мэдээлэлжсэн нийгэмд шилжих үйл явц өрнөж байна. Zettabyte, Big Data-н эрин үе эхэллээ гэж ярьж байна. Тооцоолох хүчин чадал, өгөгдөл хадгалах технологи улам бүр хямд, хүртээмжтэй болж байна. Ухаалаг гар утас, компьютер, ноутбүк, таблетийн хэрэглээ өсч байгаа ч дамжуулагдаж буй мэдээлэл нь эрсдлийг үүсгэж байгаа талаар “Мэдээллийн технологи-2012” уулзалт өдөрлөгийн үеэр яригдлаа.
Төрийн ордонд болж буй энэхүү уулзалт өдөрлөгийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Мэдээллийн аюулгүй байдал нь улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал юм. Тиймээс аюулгүй байдлын үзэл баримтлалаар тухайн улсын цахим орон зай нь агаарын болон газар нутгийн орон зайтай нэгэн ижил хамгаалагдсан байх, төр ижил анхаарал тавьж байх ёстой гэж үзэж байна” гээд Шинэчлэлийн Засгийн газар бизнесийн орчныг шинэтгэх, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгох, бизнес болон иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг түгжрэлгүй, хурдан шуурхай үзүүлдэг болох зорилго тавьж ажиллаж байгааг онцоллоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл болсон мэдээллийн технологийн чиглэлээр эхний алхмуудыг хийсэн. Төрийн мэдээллийн солилцооны дэд бүтэц үүсгэх, Төрийн байгуулллагын цахим мэдээллийн санг Үндэсний дата төвд шилжүүлэн байршуулах, Цахим гарын үсгийн ажлыг хурдасгах зэрэг ажлыг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.
Төрийн мэдээллийн сан, төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын түвшин хэр байгаа, цаашид тулгамдсан ямар арга хэмжээг дунд болон богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар уулзалт өдөрлөгийн үеэр хэлэлцсэн юм. Энэ арга хэмжээнд Засгийн газрын бүх яам, агентлаг, интернэт үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны операторууд, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.