Хэдэн жилийн өмнөхөн л “Зогсолтгүй эргэх Зоос банк” хэмээн өөрсдийгөө рекламдаж байсан том банк нэг л өдөр дампуурал зарлаж, төрийн мэдэлд орж, “Төрийн банк” болсон.Зоос банкыг дампууруулсан хэрэгт захирал асан Ш.Чуданжий болон Монгол газар компанийн босс Мянган баяр нар болон нэлээд хэдэн бизнесийн хүрээнийхэн хууль хяналтынханд шалгагдсан. Тус банкинд Санхүүгийн болон аудитын компанийн хийсэн шалгалтаар банкны нийт хөрөнгө 187 тэрбум, нийт өр төлбөр 195.3 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй гэсэн ангилалд байгааг хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ. “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг шалгалаа. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд хэлэлцэж түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож, 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан нялх хүүхэдтэй гэсэн үндэслэлээр хорих ялыг хэлтрүүлсэн юм. Харин “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжийгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм. Мөрдөн байцаалтын үеэр томилогдсон шинжээчид Ш.Чуданжийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тэрбээр дээрх мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй аж. Чингэлтэй дүүргийн шүүх Шүүгдэгч Боржигон овогт Шаравын Чуданжийг итгэмжлэн хариуцуулсан аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Тэрбээр өмнө нь Ганц худагт 12 хоног хоригдсон бөгөөд энэ хугацааг түүнийг ял эдлэсэнд тооцож, зургаан жилийн ял оноосон юм. Гэвч ялыг нь Өршөөлийн хуулинд хамруулан, шүүгдэгч Ш.Чуданжийгаас 1.638.938.721 төгрөг 65 мөнгийг гаргуулж “Зоос банк”-ы эрх хүлээн авагчид олгох шийдвэр гаргасан байна. Мөрдөн байцаалтын явцад 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 40 инчийн хар өнгийн зурагт, “Веко” маркийн 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, “Монел” маркийн хагас автомат угаалгын машин, Норвеги улсад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй 3 ширхэг буйдан, Унгар улсад үйлдвэрлэсэн ханын шүүгээг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тогтоол гарчээ. Мөн түүний орон сууц ээж Цэвэлмаагийн нэр дээр байсан учраас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Орчлон” орон сууцны цогцолборын 74 дүгээр байрны 14 тоот орон сууц, 11 тоот автомашины зогсоолыг хураах шийдвэр гаргаагүй байна. Саяхан Монголын толгйо баячуудын нэгт зүй ёсоор тооцогдож, үнэтэй тансаг машин хөлөглөж, булган дээлээр гоёж, шилдэг эдийн засагч гэсэн магтаалын үгээр булуулж явсан хатагтай Ш.Чуданжий шүүхийн шийдвэрээр хураалгах дээрээ тулаад байгаа эд хөрөнгө, ор дэрээ хамгаалж үлдэхийн төлөө завж заалдах гомдлуудаа гаргаад байгаа сурагтай. 1,6 тэрбум төгрөг тоглоом биш. Энэ мөнгийг хэн дуртай хүн тийм ч амар олохгүй. Тиймээс “Зоос” банкны хохирлыг Ш.Чуданжий дангаараа үүрч, хөргөгч, зурагтаа хүртэл хураалгах нь юу л бол гэж олон нийт ярьж байна.