Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн иргэн Г.Бямбадорж 2010 оны тавдугаар сард 11 толгой адуугаа ОХУ-ын тал руу хил давуулан алдсан байна. Уг хэргийн мөрөөр Завхан аймаг дахь Хилийн 0277 дугаар ангийн хилчид, Оросын хилчидтэй шуурхай хамтран ажилласны дүнд малын хулгайч нарыг Оросын талд саатуулж чаджээ. Тэр үед уг адуунаас зөвхөн хоёр нь үлдсэн байсныг Оросын хилчид хамгаалалтад авсан байна. Харин хэд хоногийн өмнө ОХУ-ын Тува улсын Дээд шүүхээс Монгол Улсын иргэн Г.Бямбадоржийн хоёр морь, мөн бусад адууны нь нөхөн төлбөр болгон 4712,5 рублийг олгохоор шийдвэрлэсэн тогтоолыг Хилийн Бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар хүлээлгэн өгчээ. Иргэн Г.Бямбадорж бараг хоёр жил шахам хугацаа өнгөрсөн ч хохирлыг нь барагдуулах талаар уйгагүй хөөцөлдсөн хилчиддээ баярлаж буйгаа илэрхийлэн хоёр морио хүлээж авчээ.