logo
УИХ-ын гишүүн Д.Арвинд АН-ын батлах гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Арвинд АН-ын батлах гардууллаа

2012/12/21

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын гишүүнээсээ татгалзаж, Ардчилсан намд элсэх өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын хувиар намын батлахыг нь өнөөдөр гардуулан өглөө.

Намын дарга Н.Алтанхуяг “Ардчиллын үйл хэргийн төлөө хамтарч зүтгэе, ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, шинэчилж өөрчилье, монгол орноо улам хурдтай хамтарч хөгжүүлье гэж сонголтоо хийсэн Д.Арвин гишүүнд баяр хүргэе” гэж хэлээд амжилт хүслээ. 

Шинэ сонголт хийх болсон тухайгаа Д.Арвин тайлбарлахдаа “Олон иргэд маань маш хүнд нөхцөлд амьдарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө шийдвэрлэх олон асуудал байна. Агаарын болоод хөрсний бохирдол их байгаагаас иргэд маань хүнд нөхцөлд амьдарч байна. Нийгэмд шинэчилж шийдэх асуудал маш олон байна. Эдгээрт миний сэтгэл олон жил зовниж ирсэн. Өмнөх жилүүдэд олон асуудлыг шийдвэрлэе гэж Монгол ардын нам болоод УИХ дахь намын бүлгийн гишүүддээ санал тавьж байсан боловч хүлээж аваагүй. Өөрчилье, шинэчилье, иргэдийнхээ төлөө ажиллая гэсэн бодол маань Ардчилсан намын бодолготой нийцэж байгаа учраас ийм сонголт хийсэн” гэлээ. Тэрбээр энэ үеэр Ардчилсан намын бодлого, шийдвэрийг дагаж, намын дүрмийг биелүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш