Нийслэлийн удирдлагын зүгээс шинэ жилийн баярыг нийслэлийн иргэний баяр, тэр дундаа гэр хорооллынхонд ойртуулсан иргэдийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байхыг Нийслэлийн Засаг дарга уриаллаа. Харин нийслэлийн гэр хороолол дунд буюу дүүрэг бүрт сүлд мод засаж, шинэ жилийн баярыг зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 16-нд Нийслэлийн сүлд модны гэрэлтүүлгийг асаах ёслол анх удаа болж, энэ ёслолтой зэрэг дүүргүүд сүлд модныхоо гэрлийг асаалаа. Харин энэ сарын 24-нд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлогтой, хөгжлийн бэрхшээлтэй мянган хүүхдийн шинэ жилийн баярыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ баярыг уламжлал болгон зохиогддог харшийн сүлд модны наадмын хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм. Мөн 12 дугаар сарын 31-ний үдэш Сүхбаатарын талбайд шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулж, цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга оролцон он шилжих мөчийг нийслэлийн иргэдтэй хамт тоолох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.