Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлох, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлд тусгаснаар татварын мэргэшсэн зөвлөхийг мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, ажлын дадлага туршлагатай байхаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд татварын мэргэшсэн зөвлөх нь нягтлан бодогч эсхүл эдийн засагч байх эсэх дээр өөр өөрсдийн саналыг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, С.Ганбаатар, Л.Гантөмөр нар хэлэхдээ, “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь эдийн засагч байхад болохгүй гэх үндэслэлгүй” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэ ажлыг татвартай холбоотой асуудлаар мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч хийх ёстой. Угтаа бол эдийн засагтай огт холбоогүй, цэвэр санхүүгийн тайлан балансын ажил. Хэрвээ эдийн засагч гэж оруулбал мэргэжлийн бус хүмүүс хийх нөхцлийг бүрдүүлэх сөрөг талтай” гэв. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн “ТИНЗ” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн гишүүн Г.Алтанзаяа, “Манай улсад 1990 оноос татварын тогтолцооны асуудал яригдаж эхэлсэн. Эдийн засагчийн тухайд их дээд сургуулиуд татварын болон гаалийн эдийн засагч гэдэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа. Нягтлан бодогч байх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Манай улсад одоогоор татварын мэргэшсэн зөвлөх 800 орчим хүн байдаг бөгөөд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг Сангийн сайд олгодог аж. Хуулийн төсөлд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг шалгалтанд тэнцсэн хүнд гурван жилийн хугацаатайгаар олгохоор тусгажээ. Ингээд Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжснээр хуралдаан өндөрлөлөө.